АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ)-ны хурал нам тайван болж өнгөрлөө. ҮЗХ хуралдах сургаар хэн нэгнийг суудлаас нь авч хаях болов уу гэсэн хүлээлт үүсдэг. Тэр тусмаа уг хурлын өмнөхөн “Н.Алтанхуягийг солих гэнэ” гэсэн бор шувуу нисэж эхэлсэн юм. Гэвч ҮЗХ-ны хурлаар ийм асуудал хөндсөнгүй. Тус намын дарга Н.Алтанхуяг УИХ-ын болон орон нутгийн сонгуульд хэрхэн оролцсон тайлангаа ҮЗХ-ны гишүүддээ тавьсан. 228 гишүүнийх нь 50 орчим нь хуралдаа иржээ. Олуулаа болох зорилт тавьж оролцсон хоёр сонгуульдаа тус нам амжилт гаргасан. Тиймээс удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд энэ амжилтаа давтахын чухлыг дарга нь гиш үүддээ сануулсан байна.
Төрийн тэргүүний сонгуульд тэд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоо дэмжиж ажиллахаар болжээ. Мөн шинээр томилогдсон Засаг дарга нартаа АН-ын удирдлагууд энэ үеэр баяр хүргэсэн юм. ҮЗХ-гоор хэлэлцэх нэг асуудал нь намын ерөнхий нарийн бичгийн даргыг батламжлах тухай байв. Тус намын генсек Д.Эрдэнэбат УИХ-ын гишүүн болсноор албаа өгсөн тул үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Оюундарийг жинхлэх ёстой. Гэвч ҮЗХ-ны гишүүдийн ирц хангалтгүй байсан тул уг асуудлыг хойшлуулжээ.
С.УУЛ