Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.
-Танай намын бүлэг нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлсэн. Ямар асуудлаар хандсан бэ. Хариуг нь хэзээ авах вэ?
-Дөрвөн чиглэлээр шаардлага хүргүүлсэн. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэх гэж байгаа талаар ойрын хугацаанд нийслэлийн иргэд, НИТХ-ын төлөөлөгчдөд мэдээлэл хийхийг шаардсан. Хоёрдугаарт, нийслэлийн зам талбайн халтиргаа гулгаа хэрээс хэтэрлээ. Нийслэлийн өвлийн бэлтгэлийг муу хангаснаас хотын зам талбайн 90 гаруй хувь нь мөсөн хучлагаар бүрхэгдсэн. Халтиргаа гулгаанаас болж өдөрт 250-300 хүн ГССҮТ-өөс анхны тусламж авч байна. Гар хөлөө хар цайгаар боогоод, эмнэлэгт очилгүй явж байгаа олон хүн цаана нь бий. Хотын дарга анхаарал хандуулж, дуугарахгүй байна. Гэтэл Эрүүл мэндийн яам нөх өн олговор өгье гээд яриад явж байдаг. Энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Одоо мөс болсон зам дээр давс цацаж, хайлуулагч бодис асгаад нэмэргүй. Тиймээс нэгэнт өөрөө чадахг үй бол сайн дурынхныг ажиллуулаад, Цагаан сараас өмнө цас, мөснөөсөө салах хэрэгтэй байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийг шаардсан. Мөн Улаанбаатар хотод цахилгаан тасалдах, дулаан доголдох нь хэвийн үзэгдэл боллоо. Өмнөх жилүүдэд цахилгаан арай ч ингэж ойр ойрхон тасардаггүй байсан. Дулаан доголддог ч хэлж ярьж, шахаж шаарддаг байсан. Энэ жилийн тухайд Засаг дарга нь ч, холбогдох албан тушаалтнууд нь ч авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байдаггүй. Тиймээс халаалтаа сайжруулж, нэмэгдүүлэх, доголдол гаргахгүй байх чиглэлд анхаарал хандуулахыг шаардсан. Сүүлийн асуудал нь өрг өн хэрэглээний бараа бүтээгдэх үүний үнэ. Нэг кг мах 7000- 8000 төгрөг боллоо. Удахгүй цагаан сар болох гээд ченжүүд үнэ хөөрөгдөхийг үгүйсгэхгүй. Ийм үед хотын дарга яагаад зохицуулалт хийхгүй байна вэ. Ядаж үнийг тогтвортой барих, бууруулах чиглэлээр ямар бодлого барих вэ гэдэг нь тодорхой бус байна. Ийм дөрвөн чиглэлээр шаардлага хүргүүлсэн. Ирэх сарын 5-ны дотор манай бүлгийн хуралдаанд дээрх чиглэлүүдээр ямар арга хэмжээ авч байгаа талаараа мэдээлэл хийх ёстой.
-Нийслэлийн агаарын бохирдол, хорт хийн агууламж буурсан гэж Агаарын чанарын албанаас мэдээлээд буй. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Агаарын чанарын алба хотын агаарын бохирдол 10-18 хувиар буурсан гэж байгаа. Тэгэхээр нь би өглөө эрт гараад Долоон буудал, Баянбүрд, Офицер, Зуун айлаар хотын даргатай хамт явж үзье гэсэн юм. Өөрсдөө яваагүй болохоор тэд мэдэхгүй байна л даа. Би өглөө явж үзэхэд 15 метрийн өмнө явж байгаа машин харагдахгүй, улаан гэрэл нь л арай гэж үзэгдэж байна. Бээжин хотын агаарын бохирдол байх ёстой хэмжээнээс 1.8 дахин их байгаа тул хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй хөл хорьсон. Гэтэл манай нийслэлийн агаарын бохирдол тав дахин их байхад багассан гэж олон нийтийн тархийг угаагаад байна. Өнгөрсөн долоо хоногт УИХын Байгаль орчны байнгын хороо энэ явдлыг улс төрийн амлалтаа хэрэгжүүлэх гэж их хэмжээний нүүрс тарааснаас үүссэн гэж дүгнэсэн. Үнэхээр нийслэлд агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой бодлого, чиглэл алга. Агаарын бохирдол өнгөрсөн жилүүдийнхээс ихэссэн. Өнгөрсөн хоёр, гурван жилд Ерөнхийлөгчийн дэргэд Үндэсний хороо хүртэл байгуулж, нийслэл, улсын төсвөөс мөнгө хөрөнгө зарж хийсэн ажлууд үнэгүйдлээ. Өмнө нь хэрэглэж байсан Налайх, Алаг толгойн нүүрс, шахмал түлшийг хориглоод, уурын зууханд ашигладаг Багануурын нүүрс тарааснаас ийм байдал үүссэн гэж үзэж байгаа. Тиймээс цаашид хэрхэн бууруулах бодлогоо танилцуулах ёстой.
-Махны үнийг таны бодлоор хэрхэн бууруулах боломж байна вэ?
-Хотын дарга яагаад өнөөдөр нөөцийн махаа гаргаж болохгүй гэж. Ирэх гуравдугаар сарын 1 болтол ард иргэд хангалттай дарамтад орно шүү дээ. Гуравдугаар сард хөдөө орон нутгийн малчид махаа ирж зарахаа больсон. Малаа муулаад, цасан дор булж байгаад хавар цас гэсэхээр гаргаж ирж зарна. Э.Бат-Үүл дарга, хөдөө байгаа малчин хоёр яг адилхан бодолтой байна шүү дээ. Тэгвэл хотын дарга үнэ ид өсөж байгаа энэ үед нөөцийн махаа гаргаад зар л даа. Хавар тэртэй тэргүй бүх малчин Улаанбаатар руу махаа зарах гэж ирнэ. Мах ихсээд ирэхээр үнэ нь бууж л таарна шүү дээ.
-Ер нь хотын даргын хийж байгаа ажил, гаргаж байгаа шийдвэрүүдийн талаар та юу гэж бодож байна вэ?
-Хотын дарга томилогдоод яг зургаан сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд Засаг дарга яг юу хийв гээд бодоод үзэхээр гүйцэтгэх албан тушаал дээр хүмүүсийг хольж, сольж, томиллоо. Засаг даргын орлогч гэдэг албан тушаалыг зургаа болголоо. Түүнийг дагаад зургаан туслах, зургаан машин гээд нийслэлийн төсвийн үргүй зардал улам нэмэгдэж байна. Үндсэндээ нийслэлийн хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан хүмүүсийн 90 хувь нь сольдог. Шинээр ирсэн дарга нар нь мэргэжилтнүүд, газрын дарга, албадын дарга нараа солино. Төрийн жинхэнэ албан хаагч, намын гишүүн бус хүмүүсийг хоморголон халсан явдал их гарсан. Улаанбаатар хотын замын бөглөрлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахаар тогтоол, шийдвэр гаргаж ажилласан. Тухайн үедээ аятайхан ажил хэрэг болсон боловч одоо алдагдаж байна. “Намар дулаан цагт ч яах вэ. Цагдаа, сайн дурынхан гарч ирээд зохицуулалт хийнэ. Өвлийн хүйтэнд чадахгүй шүү дээ” гэж би хэлж байсан. Өвөл болоод өнөө ажил маань замхраад, хэрэгжүүлж байгаа эсэх нь ойлгомжгүй боллоо. Даваа гаригт “1”-ээр төгссөн дугаартай машинууд явж л байна. Нэгдүгээр эгнээгээр бусад машин явж л байх юм. Хотын дарга хэвлэл мэдээллийнхний машиныг нэгдүгээр эгнээгээр зорчуулна гэсэн шийдвэр гаргаж байна. Тийм л юм бол буяны ажил, түргэн тусламж, цагдаагийн машинуудыг ч гэсэн нэгдүгээр эгнээгээр явуулах хэрэгтэй. Нэг мөсөн ийм шийдвэр гаргасан нь дээр шүү дээ. Зөвхөн хэвлэл мэдээллийнхнийг гэж өрөөсгөл хандаж болохгүй. Ингээд харахаар Э.Бат-Үүл даргын хувьд автозамын хөдөлгөөн зохицуулсныг эс тооцвол хийсэн ажлынх нь талаар хэлэх үг надад алга. Анх Засаг дарга болоход нь хотын дарга гэдэг улстөрч хүний бус, аж ахуйч хүний ажил шүү гэж хэлж байсан. Улс төржөөд ирэхээр нийслэлийн ажил удааширч, үр дүнгүй болно. Мань хүн улстөрч хүн гэдгээ харуулж байна л даа. Зөвшөөрөлгүй 80 барилгыг нураана гэсэн. Нэг ч барилга нураагаагүй л байна. Нийслэл мөнгөний ихээхэн боломжтой болсон. Иргэд ч олон зүйл хүлээж байгаа. Халаа, сэлгээнээс өөр нийслэлд хийгдсэн дорвитой ажил алга. Тиймээс бодитой ажил хийхийг л хүсэж байна даа.