Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг баасан гаригт зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэлсэн. Тэрбээр “Хуулийн төслийг цахим хуудсанд тавьснаас хойш сар гаруйн хугацаанд олон и-мэйл, мессеж хүлээн авсан. Талуудын тэнцвэртэй эрх ашгийг хангатлаа хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх болно” гэв. Үүний дараа уул уурхайн бизнес эрхлэгч, иргэний нийгмийн болон төрийн байгууллагын 250 орчим төлөөлөлд уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийнхэн мэдээлэл өгсөн юм. Мөн дээрх төлөөллүүд бүлэгт хуваагдаж, өөрсдийн саналаа нэгтгэн, зохион байгуулагчдад танилцуулав. Энэ үеэр Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Н.Алгаа “Шинэ төсөл нь геологи, уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжихийн эсрэг байна. Тухайлбал, талбайг нөөцөд авна гэж байгаа ч ямар тохиолдолд авах нь тодорхойгүй. Энэ нь тусгай зөвшөөрлийг хураан авах замаар ашигтай ордыг дахин хуваарилах нь гэсэн болгоомжлол төрүүлж байна” хэмээн ярилаа.