Шинэчлэлийн Засгийн газрын бямба гаригийн нээлттэй хуралдаанд Төрийн тэргүүн оролцохдоо цаг үеийн болон улс орны хэмжээнд анхаарал татаж буй олон сэдвийг хөндсөн. Хэвлэлийнхэнд нээлттэй болсон уг хуралдаан дээр сайд нар Төрийн тэргүүнээс зэмлэл хүртэж, хотын дарга шүүмжлүүлсэн. V цахилгаан станц барих ажил ямар шатандаа явааг лавласан түүнд Эрчим хүчний сайд М.Сономпил “Газрыг нь өнгөрсөн онд шийдсэн. Тендерт шалгарсан байгууллагатай гэрээгээ хийж байна” гэсэн хариулт өгсөн. Дараа нь нийслэлийн Засаг даргад анхаарлаа хандуулав. Гэр хороололд хөрсний бохирдол гүний усандаа хүрсэн учир найман ч худгийг хаасан. Гүний худгийг 40-100 метрт ухдаг. Бохирдлоо хлорамин болон химийн аргаар цэвэрлэдэг. Бохирдсон хөрсөн дээр яаж байшин барих, нийслэлийн ундны цэвэр усны асуудлыг хэрхэн шийдэхийг хотын даргаас асуув. Э.Бат-Үүл дарга түүнд “Хөрсний бохирдлыг шийдэх ганц арга бол ариутгах, цэвэрлэх байгууламжтай болгох. Одоо бол нүх ухаад тэндээ бие засаад байгаа. Үүнийг маш хурдан зогсоож, инженерийн байгууламжтай холбох хэрэгтэй. БНСУ-тай хамтраад усны шинэ эх үүсвэрийн хайгуул хийж эхэлсэн. Яармагийн дэнж, Гачууртын эх рүү япончуудтай хамтарсан төслөөр шинэ эх үүсвэрүүд гаргаж авч байна. Хуучин найман эх үүсвэрийг акталсан. Шинээр ашиглалтад оруулж буй худгуудаа хамгаалахын тулд ханыг бүрэн битүүмжлэх хэрэгтэй. Гэтэл гүнд тийм хамгаалалт хийх хэцүү, технологийн асуудал бий” гэлээ.
Төв цэвэрлэх байгууламжийн талаарх Төрийн тэрг үүний асуултад доорх хариуг өгөв. Уг байгууламжид ямар ч байсан засвар хийсэн гэнэ. Шинийг барих ажил яриа хэлэлцээрийн хэмжээнд яваа аж. Гэр хороололд хэсэгчилсэн цэвэрлэх байгууламж байгуулахаар Азийн хөгжлийн банктай хамтран судалж буйгаа хотын дарга хэлсэн. Барилгын шинэ стандартыг хэзээ батлах вэ гэсэн удаах асуултыг Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд тавив. Мөн хуучны угсармал орон сууцыг дулаалах замаар эрчим хүч хэмнэх боломжийг лавлалаа. Хөтөлбөр боловсруулахаар Ажлын хэсэг гаргасан гэнэ. Азийн хотуудын холбоо гэдэг байгууллага Улаанбаатар хотод судалгаа хийж, угсармал барилгуудын дулаан алдагдлыг багасгахад 460 орчим тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог гаргажээ. Улаанбаатарт ойрын 20 жилд 7-9 баллын газар хөдл өлт болох магадлал өндөр. Ийм үед нийт барилга байгууламжийн 70 хувь нь нурах эрсдэлтэй болжээ. Энэ талаар юу хийж байгааг лавлахад Шадар сайд Д.Тэрбишдагва “ҮАБЗ-өөс өнг өрсөн жил чиглэл өгсний дагуу Гамшгаас хамгаалах төвд газар хөдлөлтийн асуудлаар Засгийн газраас 24 хүний бүрэлдэхүүнтэй нэгж байгуулан ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт ажлынхаа дүнг надад танилцуулна. Тэгээд танд танилцуулна” гэлээ. Богд уулын урдуур төмөр зам тавих ажлыг лавлаад Зам тээврийн сайд Л.Гансүхээс “Урьдчилсан ТЭЗҮ хийсэн. Бондын санхүүжилтээр хийх хүсэлтээ гаргасан.Эхний ээлжинд 36 тэрбум төгрөг хэрэгтэй. Шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлбэл 2016 онд ашиглалтад орно” гэсэн хариу авлаа. Улмаар яриа хотын хэмжээнээс хальж, хөдөөг чиглэв. Орон нутгаа хөгжүүлж байж нийслэлийг зорьсон их нүүдэл багасна.
Тиймээс нийслэлд хэрэгжүүлэх гэж буй “Гудамж”-тай ижил төслийг орон нутагт хэрэгжүүлэх гэнэ. Оюутны хотхоныг нийслэлээс гаргаж, Багануур орчимд байгуулах өмнөх Засгийн шийдвэр бүтэлгүйтжээ. Судалгаа дутуу байсан, бүгдийг эхнээс нь хийх хэрэгтэй гэсэн агуулгатай хариуг Л.Гантөмөр сайд өгөв. Нэг иргэний эзэмших газрын хэмжээг нийслэлд 0.07 га, Төв аймагт нэг га, түүнээс цаашилбал нэмэх замаар зохицуулалт хийвэл төвлөрлийг сааруулахад тустай гэсэн саналыг Ерөнхийлөгч хэлсэн. Мөн “Улаанбаатар хотыг зүглээд хэрэггүй. Агаар нь хортой, ирээд суурьших газрын хөрс нь, уух ус нь бохир байхад наашаа зүтгэх хэрэггүй гэж би иргэдэд хоёр жилийн өмнө л хэлж байсан. Энэ бүх асуудлаа шийдэхийн тулд хамтраад ажиллая. Хөдөө сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэхээр төр, засаг ажиллаж байна. Монголчууд одоо уудам нутагтаа тарж сууж амьдаръя. Хотын төвөөс алсхан, орон нутагт хөрөнгө оруулж байгаа аж ахуйн нэгжүүдийг урамшуулаад өг л дөө” гэсэн юм. Эцэст нь тэрбээр “Асуудал эрх мэдэл, эд мөнгөний төвлөрөлтэй холбогдож байна. Тиймээс уг төвлөрлийг сааруулах том асуудлаа барьж явъя” гэлээ. Гэтэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь вэб сайтын сэтгэгдэл хянах тухай ярьж, иргэд эхний санал асуулгаар буруушаасаар байхад хотын дарга нь буруу талдаа жолоотой машинтай зууралдаж буйг шүүмжлэв. Эцэст нь Ерөнхийлөгч эрх барих дөрвөн жилийн хугацаа хорогдож байгаа энэ үед Засгийн газар, УИХ хамтран ажиллах ёстой гэж сануулав.