УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монголын сурагчдын холбоо хамтран нийслэлийн 1000 сурагчийн төлөөлөл оролцсон “Тамхинаас татгалзсан өсвөр үе” сэдэвт чуулганыг уржигдар Төрийн ордонд зохион байгууллаа. УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгаар батлагдсан тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль ирэх гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ “Дам тамхидалтад өртөж буй өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тамхи татахыг хориглосон газрын хүрээг өргөтгөн цэцэрлэг, бүх шатны сургууль тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн 500 метр орчимд тамхи худалдаалах, улмаар сургуулийн дотуур байр, гадна талбайд тамхи татахыг хориглох зэрэг зохицуулалт хуульд туссан нь өсвөр үеийнхэнд чухал юм” гэв
. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Засгийн газрын хуралдаанд Ерөнхийлөгч оролцож, агаарын бохирдлын асуудлаар хэлэлцэж байна. Энэ үед агаарын бохирдлыг бууруулах итгэлтэй хүч энд цуглажээ. Та бүхнийг тамхинаас татгалзах уриалгад нэгдэж буйд баяр хүргэе” хэмээв. Чуулганы үеэр өсвөр үеийнхэнд зориулсан видео бичлэг үзүүлэв. Тус бичлэгийн мэдээлэлд дурдсанаар, “Судалгаанаас үзэхэд сүүлийн 20 жил манай улсын хүн амын дотор тамхи татах явдал нэлээд газар авч, дөрвөн хүн тутмын нэг нь өдөр бүр тогтмол тамхи татаж байгаагийн дотор 15- 24 насны өсвөр үе, залуучуудын дунд тамхины хэрэглээ огцом нэмэгдсэн. Насанд хүрэгчдийн 42, хүүхдүүдийн 54 хувь нь дам тамхидалтад өртөж байгаа нь санаа зовоох асуудал болж, элдэв хорт хавдар үүсгэх гол шалтгаан болж байна” гэлээ. Тамхины хор хөнөөлийг таниулах, түүнээс хэрхэн татгалзах талаар сурталчлах зорилготой уг чуулганд хүүхдийн элч дуучин Б.Анхбаяр, Т.Амина болон олимпийн хүрэл медальт тамирчин У.МөнхЭрдэнэ, улс төрийн тоймч Б.Дашзэвэг нар оролцож, хүн бүрийг тамхинаас татгалзахыг уриаллаа. Чуулганы төгсгөлд өсвөр үеийнхэн тамхинаас татгалзаж буйгаа илэрхийлж, гарын үсэг зурсан юм. Мөн чуулганы үеэр авсан мэдээллээ фэйсбүүк, твиттер хуудсаараа дамжуулан үе тэнгийнхэндээ сурталчлах, гэр бүл, найз нөхдөө тамхинаас гарахыг уриалахаа амлав.