Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр хэвлэлийнхэнд сүүлийн үед өрнөөд буй үйл явдалтай холбогдуулж тайлбар хийлээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг суллуулах, II эмнэлэгт шилжүүлэхийн тулд өлсгөлөн зарлаж буй иргэдээс гадна эрх бүхий албан тушаалтнууд ч хөдөлж эхэлснийг тэр ярив. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос болон Хүний эрхийн дэд хорооноос хорих ангиудад ажилласныг тэр “эрх бүхий албан тушаалтнууд” гэсэн хэсэгт хамааруулсан. Өлсгөлөн зарлаж буй эхчүүд ч, Байнгын болон Дэд хорооны гишүүд ч эцэстээ дээрх хоёр л зорилгыг биелүүлэх гарц эрэлхийлжээ. Тэд Ял эдлүүлэхийг хойшлуулах журамд Н.Энхбаярын өвчнийг нэмэх, онц хүнд болон хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтныг гадуур эмчлүүлэхийг хориглосон нь хүний эрх зөрчсөн гэсэн “арга зам” санал болгосноос сайд ийнхүү дүгнэж буй аж.
Тэрбээр “Шүүхийн шийдвэрт сайд нөлөөлөхгүй. Н.Энхбаяр бол бол шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон ялтан. Шүүхийн шийдвэр бүх хүнд тэгш үйлчилнэ. Үүнд Хууль зүйн сайд нөлөөлөхгүй. Түүнийг танил талаараа ч, өлсгөлөн зарлаад ч өөрчлөх боломжгүй” гэсэн юм. Ял эдлүүлэхийг хойшлуулах журамд өөрчлөлт оруулах саналд хуулийн байгууллага “боломжгүй” гэсэн хариугаа өгсөн. Харин удаахыг нь ХЗЯ угаасаа шийдэхээр болчихсон байсан ч Эрүүл мэндийн сайд Н.Удвалын “тусламжтайгаар” хурдлуулсан гэнэ. Онц болон онц хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтнуудыг гадуур эмчлэх журамд сайд яаран өөрчлөлт оруулж, ингэхдээ буруу заалтыг нь цуцалчихжээ. Хууль зүйн сайд түүнийг нь засаж өгснөөр хууль эрх зүйн хувьд дээрх төрлийн ялтнууд гадуур эмчлүүлэх боломж бүрдсэн байна. Эмнэлгийг нь шийдэх гэж бөөн юм болсны эцэст Улсын клиникийн II эмнэлэгт хоёр өрөөг стандартын дагуу тоноглож, чанга дэглэмтэй хорих ангийн хэмжээний харуул хамгаалалт бүрдүүлснийг Х.Тэмүүжин сайд дуулгасан.
Гол нь стандартын эмнэлэгтэй нь цогцоор шийдээд наймдугаар сар гэхэд дуусгах гэж байсан ажлыг нь Эрүүл мэндийн сайд намын даргадаа зориулан журам гарган баллаж тавьсан юм байна. Тэрбээр “Гэхдээ Н.Энхбаярыг шилжүүлэхгүй. Түүний өвчнийг гадуур эмчлүүлэх хэмжээнийх биш гэж эмч нар үзсэн. Дээрх төрлийн 20 ялтан яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Тэдний түрүүчийг өнөөдөр үдээс хойш шилжүүлэн эмчилнэ” гэсэн юм. Мөн мөнгө угаах, хүн худалдаалах зэрэг үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг ХЗЯ эхлүүлснийг тэр зарлав. Эхний ээлжинд МИАТ компаниар дамжуулан мөнгө угаасан зургаан хүнийг саатуулан шалгаж эхэлжээ. Тус компанийг ашиггүй болгох замаар орлогыг гадагш гаргаж, тэр мөнгөөрөө буцаагаад төрийн өмчит компанийг худалдаж авах замаар мөнгө угаахыг завдсан хэмээн тэднийг шалгаж буй аж. Уг төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөх шинэ алба байгуулах талаар хуулийн төсөл боловсруулж буйгаа ч дуулгалаа.