
Амралтын өдөр аажуу цугладаг Засгийн газрын амгалан хуралдааныг онц сонирхолтой болгон амилуулж өгсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үйлдлийг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Нэг хэсэг нь Ерөнхийл өгчийн сонгууль дөхсөнтэй холбож байхад, нөгөө хэсэг нь аргагүй л ардаа алагчилдагг үй, ардчилсан Төрийн тэргүүний өмгөөлөл хэмээн бахдав. Энэ хуралдааны дараах яриа хөөрөө шинэ долоо хоногт ч намжихгүй төлөвтэй. Засгийн газрыг хянах замаар ажилд нь ташуур нэмэн урагшлуулах үүрэгтэй сөрөг хүчнийг ийш тийш мэдэгдэл шидлэхээс үл хэтрэн бүтэлгүйтэж байх хооронд Ц.Элбэгдорж олон нийтийн загатнасан газар маажиж, магнайг нь тэнийлгэв ээ.
Шинэчлэлийн Засгийн газраас явуулж байгаа бодлого болоод хийж гүйцэтгэсэн ажил хэргийн шинж төлөвт голтой үнэн үг хэлсний нь төлөө Ардын намынхан Ерөнхийлөгчийг шоудлаа гэж хардаж буй нь бодит байдлаас хөндий, өрөөсгөл өнцөг болж туслаа. УИХ-д эзэлсэн суудлынхаа тоогоор эрх баригчдаас хол дутахааргүй сөрөг хүчин мөртл өө нийгэмд хандан ганц Элбэгээгийн дайтай шүүмжлэл өрнүүлчихэж амждагг үй МАН харин ч түүнд “Баярлалаа” гэж хэлэхэд илүүдэхгүй болов уу. Ардчилсан Намын Үндэсний зөвлөлдөх хороо өнгөрсөн баасан гаригт хуралдахдаа Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигчийн сунгаа явуулахгүйгээр одоогийн Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийг дэмжихээр тохирсон нь улс төрийн амьдралын томоохон мэдэгдэлд тооцогдож байна. Элбэгээ ирэх сонгуульд өрсөлдөхөөр нэр нь зарлагдсан анхны дэвшигч, хамгийн “хатуу самар”- аар тодорлоо. Одоо түүний алхам болгоныг сонгуультай андуурах, үйлдэл бүрийг нь улстөржүүлэн шүүмжлэх тохироо бүрдэв. ҮЗХ өөрийг нь АН-аас өрсөлдөгчгүйгээр дэвшүүлэхээ мэдэгдсэний маргааш Ц.Элбэгдорж сайд нарын танхимыг хиншүү хярвас ханхалтал түлэх нь тэр.
Ингээд л Элбэгээ Засгийн газрыг шүүмжилсэн биш, сонгуулийн шоу хийсэн шүүмжлэлд өртөөд авлаа. Үүнээс хойш ч олон шүүмжлүүлэх биз ээ. Элбэгээгээ монголчууд юу эс андах. Уран илтгэгчийн хувьд улсдаа л нэгдүгээр хүн шүү дээ. Түүний үгийн сан зүгээр нэг арвин биш. Элбэгээгийн яриаг чагнаж ээ байхад монгол хүний ой ухааныг нэгжин самнасан лугаа зүрхэнд ойр тусна. Адармаатай сэдвээр энгийн хүүрнэх агаад энэ нь ямар нэг албаны шинжгүй тул хүмүүс тээршаалгүй сонирхдог. Улстөрчийнхөө тухайд гэвэл овтой сэргэлэн, тиймээс сав л хийвэл “шоучин” нэр зүүчих гээд байдаг гэм бий. Энэ удаа Ерөнхийлөгчийн шоу олон нийтийн сэтгэлд нийцсэн гэж жигтэйхэн. Хэлэх гээд хэлж чадахгүй байсныг нь хүмүүсийн өмнөөс дуугарчихаар дуртай байх нь тодорхой. Тэгээд бүр 20 жил гараасаа хөтлөлцөн нөхөрлөсөн ойр дотны улстөрчдөө телевизийн дэлгэцээр дүүрэн улалзуулан загнана чинээ санасангүй. Элбэгээгийн нөхөд буюу энэ засгийн сайд нар сүүлийн үед ямар том байгаа билээ. Юм л бол хална солино,торгоно шийтгэнэ, нураана сүйтгэнэ гэж айлгаад ер бусын хүчтэй, омогтой явав шүү. Ерөнхийлөгч тэднийг танхимаар нь эгнүүлэн суулгаж байгаад жижигрүүлсэнд иргэд эгээ л атаман ахтай хүүхэд шиг аархлаа. Нэг намд олон жил зүтгэж, бие биенээ дэндүү сайн мэдэх болсон хэрээр Элбэгээ АН-ын сайд нарыг загнахдаа тухайн хувь хүний байдал төрхийг хараагүй байсан ч нүдэнд дүрслэгдтэл хэлсэн нь уйтгартай улс төрд тохиолдох сонин явдал болов.
Тухайлбал, Элбэгээгийн дотнын хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тэр өдөр хоёр чихэндээ итгээгүй байх. “Нэг л их санаа алдаж, хүн муулсан хүн байх юм. Өмнөх ажлаа л хийгээч дээ” гээд тавьчихсан. Х.Баттулгын өнгөрсөн долоо хоногт хийсэн ажил, хэлсэн үгийг Элбэгээ цөөн үгээр яг олж хэлсэн нь энэ. “Аа нэг их хөмсөг зангидаж, муухай харсан амьтан” гээд нэмчихсэн бол ч дуусгахгүй юу. Хотын дарга Э.Бат-Үүлийг бол бүүр алга хийх шахав. Улсын баатар андаасаа “Манай хотод өөр хийх ажил алга уу” гэж гайхан асуухаас өөр арга Ерөнхийлөгчид олдсонгүй. Үнэхээр ч утаан дундаа уугиж байгаа хөөрхий Улаанбаатарт баруун зүүн хүрдний санал асуулгаас өөр хийх зүйл үгүй гэж үү. Голыг нь олсон шүүмжлэлийн хариуд сайд нар “гэрийн даалгавраа” хэр сайн гүйцэтгэхийг харах үлдлээ. Урлагт юм бол тайз нь, үзэгчид нь байхад тоглодоггүй хүнийг ямар юмны нь жүжигчин гэх билээ. Үүний адил ажил нь, асуудал нь байсаар байхад онилж чадахгүй бол МАН-ыг улс төрд хэн хүчтэй сөрөг хүчин гэх вэ. Сайд тус бүрт асуулт тавьж ярилцангаа Засгийн газрын урагшгүй байдлыг бодитойгоор шүүмжилсэн нь хэрэв Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу юм бол ерөөсөө Элбэгээд өдөр бүр шоу захиалсандаа ч болж байна. Түүний “шоу” мэдээлэл сайтайгаараа иргэдийнхээ ажил амьдралд, голч шүүмжлэ лээ рээ Засгийн газрын үйл хэрэгт нэмэртэй байх буй за. Ерөнхийлөгчийн сонгуулийн пиар гэж ийм ач тустай эд юм бол сөрөг хүчнийг сайн ажиллуулах гэхийн хэрэг ч алга. Амьдрал үргэлжилж, нийгэмд өчнөөн бэрхшээл бугшаад байхад сөрөг хүчний орон зайгаа ашиглаж чаддаггүй МАН-ыг хараад юугаа хийх вэ, Элбэгээгийн юу гэхийг хүлээгээд л сууж байя. Сонгуульд өрсөлдөгч намаас нэр дэвших өөрт нь тайз засаж өгөөд буй МАН-д Ерөнхийлөгч өөрийн биеэр “хичээл” заачихлаа. Элбэгээ шиг бай л даа, Ардын намынхаан.