Хуулийн дагуу газар авсан бол албадлагад өртөнө гэх айдаст автах хэрэггүй хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат өчигдөр мэдэгдэв. Газрын тухай багц хууль дээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нэмэгдэж буй аж. Багц төсөлтэй холбоотой элдэв мэдээлэл, шүүмжлэл өрнөж буй учраас АН-ынхан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээ өргөтгөж, есөн хүнтэй болгожээ. Ажлын хэсгийг Д.Эрдэнэбат гишүүн ахлах гэнэ. Тус Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар ахлагч нь мэдээлэл хийхдээ “Багц хуульд бэлчээрийн талаар хөндсөн. Уг хуулийг тойроод дэд бүтэцтэй холбоотойгоор иргэдийн газрыг албадан чөлөөлөх тухай ташаа мэдээлэл гарсан байна. Чухал хууль учраас энэ чуулганаар батлах гэж яарах шаардлагагүй гэж бид үзлээ. Чуулганы завсарлагаар гишүүд нийслэл болон орон нутагт ажиллаж, иргэдийн санал бодлыг сонсох ёстой. Уламжлалт мал аж ахуйтай Монгол Улсад бэлчээр хувьчлах, хатуу хил хязгаар тогтоох нь зөв үү, буруу юу гэдгийг малчдаас асууна ” гэлээ. АН-ын бүлгийн хуралдаанаар мөн агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонссон байна. Ирэх намар гэхэд бохирдлыг 50 хувиар бууруулахын тулд түүхий нүүрсний оронд хагас коксжсоныг түлэх, үүний тулд Төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Мөн хурдны зам тавих ажлыг хавраас эхлүүлж, нийслэлийн төвлөрлийг сааруулахын тулд дагуул хотууд байгуулах санал гарсан аж. Ирэх долоо хоногийн хуралдаандаа тэд Нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүл, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарыг урьж оролцуулан холбогдох мэдээлэл сонсож, санал солилцохоор болжээ.