Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Г.Өсөхбаяр Хойд мөсөн далайг гаталж, дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэгт очихоор болжээ. Уулчин дөрөвдүгээр сарын 4-нд эх орноосоо Норвеги улс руу мордож, олон улсын уулчдын багтай нийлэн, мөсөн далайн 89-90 градусын өргөргөөр 110 км замыг цанаар туулж, бөмбөрцгийн хамгийн хойд цэгт хүрэх юм. Түүнээс аяллын талаар тодруулахад “Монгол Улсынхаа далбааг дэлхийн хамгийн хойд цэгт мандуулахаар явах гэж байна. Аялах хамгийн боломжтой хугацаа нь энэ дөрөвдүгээр сар. Цаг агаарын хувьд хасах 25-аас 50 градусын хүйтэн, зарим үед цасан шуургатай байх юм билээ. Ер нь туйлын мөс хагаралтай, цууралт үүссэн байдаг тул эрсдэл ихтэй аялал болох байх. Даатгалын болон харилцаа холбооны компаниуд, хүнс үйлдвэрлэгчидтэй хамтрах хүсэлтэй байна. Ингэснээр олон улсад үндэснийхээ бараа бүтээгдэхүүнийг таниулах юм” хэмээв. Түүний аяллын хувцас нь усанд нордоггүй, салхи нэвтэрдэггүй бөгөөд зарим ачаагаа чарганд тавьж, нуруу бүсэлхийнээс бэхэлсэн олсоор чирэн цанаар явах юм байна. Эверестээс гадна Хойд Америкийн ноён оргил МакКенли, Африк тивийн Килиманжаро, Европын Эльбруст амжилттай авирсан тэрбээр хойд өргөргийн 90 градуст албан ёсоор бүртгэгдсэн 208 аялагчийн нэг болохоор зорьжээ. Тэгвэл дэлхийн дээвэр Эверестэд хөл тавьсан анхны монгол эмэгтэй уулчин Б.Гангаамаа тэргүүтэй эмэгтэй уулчид анх удаа багаараа Өмнөд Африкийн ноён оргил Аканкагуаг “эзлэх” авиралтаа өчигдрөөс эхэлсэн бөгөөд ирэх сарын 7-нд оргилд хүрч, 14-нд эх орондоо ирэх юм. Дэлхийн долоон оргилын нэг Аканкагуа нь далайн төвшнөөс дээш 6972 метрийн өндөрт оршдог ажээ.