Төрийн нууцтай холбоотой бизнесийг хуульчлах ажиллагаа Төрийн ордонд өрнөж эхэлсэн тухай мэдээ чих дэлсэв. Одоогийн хуулиар төрийн нууцын жагсаалтад 59 мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, ажиллагаа багтдаг юм байна. Уг жагсаалтаас “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан”-г гаргах асуудлыг Төрийн нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Засгийн газар хөнджээ. Санаачилсан төслийг нь УИХ хэлэлцэхээс татгалзаж “унагахад” Засгийн газраас бараг маргааш нь өнөөхөө дахин зүтгүүлэв. Хардлага эндээс эхэлж байгаа юм.
Төрийн нууцын тухай хуулийн 3.1-д “Монгол Улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, ажиллагааг төрийн нууцад хамааруулна” хэмээн заажээ. Нууцын тухай хууль дотроо төрийн, байгууллагын, иргэний гэж задардаг. Улс иргэдгүйгээр оршихгүй. “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан” яг ийм агуулгаар төрийн нууцад хамаардаг юм. УИХ-ын сонгуулийг анх удаа цахим хэлбэрээр, тусгай тоног төхөөрөмж ашиглан зохион байгуулах үед дээрх мэдээллийн сантай харилцах итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг УБЕГ-аас тусгайлан томилж байсан юм. Бүртгэлийн нууц алдагдахаас сэргийлж тусгай ажилтан томилж, хэсгийн хороодод цагдаагийн хамгаалалт гаргаж байлаа. Тэр үед “Хамгийн чухал нууц” хэмээн үзэж байсан өнөөх сангийн мэдээлэл өнөөдөр Засгийн газрын хувьд “нууцлах шаардлагагүй” болж хувирсан нь энэ. Хардлагын учгийг тайлахын тулд Төрийн нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлтэй танилцах нь зүйн хэрэг. Төсөл үндсэн хоёр заалттай. “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан”- гийн мэдээллээс хурууны хээ, Монгол Улсын харьяатаас гарсан, харьяат болсон, харьяалал сэргээсэнтэй холбогдохоос бусад мэдээллийг нь нууцын жагсаалтаас хасъя гэжээ. Мөн 1:100.000-ны масштабын нарийвчлалтай байр зүйн зургийг нууцлах шаардлагагүй гэсэн байна.
Дээрх санд хурууны хээнээс гадна иргэний төрсөн, гэрлэсэн, гэрлэлтээ цуцлуулсан, сэргээсэн, эцэг тогтоосон, үрчилсэн гэх мэт мэдээлэл багтдаг. Төслийн танилцуулгад ингэсгээд орхисон ч иргэний утасны жагсаалт, эд хөрөнгийн бүртгэл, банкин дахь өр, авлагын хэмжээ, гэрийн хаяг гээд л бүх мэдээлэл багтахыг гишүүд сануулж байгаа юм. Сөрөг хүчнийхэн “Унагасан төслийг дахин дахин зүтгүүлээд байгаа нь үүний ард ямар нэг ашиг сонирхол байна гэж хардахад хүргэлээ. Иргэний хувийн бүх мэдээлэл ил тод болно гэсэн үг. Үүнээс үүдсэн хохиролд Төр хариуцлага хүлээхгүй гэж байгаа хэрэг” хэмээн үзэж, хардаж буйгаа шуудхан илэрхийлсэн. Тиймээс ч тэд уг төслийн хэлэлцүүлэгт няхуур хандах гэнэ. Засгийн газрыг дэмжихгүй байгаа нь ганц сөрөг хүчин биш. АН-ын гишүүдийн дотор ч Р.Амаржаргал, Г.Баярсайхан нараас эхлээд уг төслийг эсэргүүцэгч цөөнгүй байна. Улстөрчид дээр жишээ авахад тэднийг мэдээллийн дарангуйлалд оруулж, өр зээлийнх нь хэмжээгээр “барьцаалах” харийнхан, бизнесийнхэн мундахгүй. Тэднийг худалдан авах мэдээллийн гарц нээгдэнэ гэсэн үг. Ингээд ирвэл үндэсний аюулгүй байдалтай холбогдох нь мэдээж. “Гишүүд өр зээлээ дэлгэхээс айж байна” хэмээн явцуугаар сэрдэж болох ч цаана нь эрсдэл байгааг үгүйсгэх аргагүй. Мэдээлэл бол хүчтэй зэвсэг. Тиймээс иргэд, байгууллага ч өрсөлдөгчийнхөө эсрэг, муу санасан нэгэндээ үүнийг хортойгоор ашиглахыг үгүйсгэхгүй. Энэ бүхнийг бодолцож бүртгэл, мэдээллийн санг төрийн нууцад авсан биз ээ. Гэтэл үүнийг Засгийн газар үгүйсгээд байдаг.
Хамгийн гол нь төрийн нууц гэдэг үгийн ард мэдээлэл худалдах нууц ажиллагаа өрнөөд буй юм биш биз. “Энэ эрхийг эзэмших компани нь тодорчихсон, тендертээ ялчихсан. Нэгэнт эхэлчихсэн үйл явцад зориулан уг нэмэлт өөрчлөлтийг хийх гээд байна” хэмээн эх сурвалж өгүүлэв. Төрийн нууцын жагсаалтаас гаргасан мэдээллээ найдвартай, хамгаалалт бүхий газар хадгална гээд байгаа. Мэдээлэл хадгалах өнөөх “найдвартай” газар нь эх сурвалжийн хардаад буй компани мөн үү. Хэсэг бүлэг хүний бизнесийг дэмжихийн тулд хувь хүний мэдээллийг өгчихөж буй юм биш биз. Бид хардах эрхтэй.