Өргөдлийн байнгын хороо өчигдөр хуралдаж, УИХ-д ирүүлж буй өргөдөл, гомдолд хийсэн судалгааны дүнг сонсов. Байнгын хорооноос ийм судалгаа хийлгэхээр захиалга өгсөн аж. УИХ-д сүүлийн таван жилд ирсэн өргөдөл, гомдлын 96 хувь нь хувийн чанартай байжээ. Гэр, орон сууц олгооч, эмчилгээний зардалд туслаач, эсвэл зээл өгөөч гэх мэт хүсэлт байсан гэсэн үг. Уг нь тухайн иргэний харьяалагдах хороо, сумын нийгмийн ажилтнаар дамжуулж, орон нутаг нь шийдэх ёстой асуудал атал ийнхүү иргэд хэд хэдэн шат алгасан шууд л сонгосон гишүүндээ, УИХ-д ханддаг юм байна. Гэхдээ хэдийгээр өөрт нь хамаагүй ч “танилын нүүр халуун” гэгчээр гишүүд өөрийн багцын мөнгөнөөс, эсвэл яаж ийж байгаад төсөвт суулгах ч юм уу, ямар нэг аргаар тодорхой хувийг нь шийдүүлсэн байдаг аж. Олонхыг нь орон нутаг, харьяалах Засаг дарга руу шилжүүлдэг юм байна. Өргөдлийн байнгын хороотой болсноос хойших дөрвөн сарын хугацаанд 350 өргөдөл ирсний 90 хувь нь дээрхийн адил агуулгатай байсныг дарга Р.Бурмаа нь онцолсон. Судалгааны зорилго нь “УИХ-д хамааралгүй асуудлаар өргөдөл хүлээж авсаар байх уу, орон нутгийн хариуцах зүйлийг татвар төлөгчийн мөнгөөр шийдэж болох уу” гэсэн асуултад хариулт олох явдал байжээ. Судалгаа хийсэн байгууллага “Үргэлжлүүлэн хүлээж ав, гэхдээ өргөдлийг ялгаж ангилах судалгааны алба байгуул. Нэг бүрчлэн хариу өгөх биш, санаа, агуулгыг нь хуулийн төсөл, төрийн бодлогод тусгах, хяналтаа сайжруулах замаар арга хэмжээ авъя” гэсэн зөвлөмж өгсөн. Тэд бас иргэд ийнхүү шат алгасан УИХ руу хувийн асуудлаа “шиддэг” нь улс төрийн намуудын өгсөн элдэв мөнгөн амлалтаас үүдэлтэй гэдгийг санууллаа.
С.УУЛ