Дорнод аймагт газрын тос олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн удирдлага, ажилтнуудын хооронд үүсээд буй асуудлаар Хөдөлмөрийн яам, Газрын тосны газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Уул уурхайн яам, МҮЭХ зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус компанийн ажилтнууд ҮЭХ-ндоо хандан , цалинг 50-иас доошгүй хувь нэмэх, 40 хоног ажиллаад 20 хоног амрах хуваарийг өөрчлөх, ажлын орчин, амьдрах байрыг сайжруулах шаардлага тавьсан аж. Ерөнхий сайд өнгөрсөн арваннэгдүгээр сард тус аймагт ажиллахдаа энэ асуудлыг хөндөхөд компанийн удирдлага “Цалинг нэгдүгээр сараас нэмнэ, өмнөх хоёр сарын нэмэгдлийг олгоно” гэж амласан юм. Энэ дагуу цалингаа нэмсэн ч хээрийн болон олон жилийн нэмэгдлийн мөнгийг үндсэн цалин дээр нэмж тооцсон аж. Тэр нь “Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэдэг шиг зүйл болжээ. Харьяа газрын төлөөллүүд болон талууд харилцан байр сууриа илэрхийлж, санал солилцсоны эцэст Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг “Газрын тос олборлоход хөрөнгө оруулалт их хийдэг ч ажилтнуудынхаа цалин хангамжинд анхаарал хандуулахгүй байгаа нь танай компанийн хувьд хөдөлмөрийн харилцааны бодлогоо өөрчлөх цаг болсныг харуулж байна. Танай 200 гаруй гадаад ажилтны хөдөлмөр эрхлэх хугацааг бид сунгасан. Тиймээс та нар ч бас үүргээ биелүүлж, ажилчдын цалин нэмэх асуудлыг шийдэх хэрэгтэй” гэжээ. Компанийн удирдлагууд “Цалин нэмэгдүүлэх шинэ саналыг ажилтнууддаа танилцуулж, зөвшилцсөний эцэст хэлэлцээрийн ширээнд сууна” гэсэн байна.