Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 30 эмч, ажилтан өлсгөлөн зарлахаар бэлтгэж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдан, гэр бариад байсан ч уржигдар 03.00 цагийн үед гэрийг нь хураасан байна. Тус эмнэлгийн их эмч Ц.Сарантуяагаас энэ талаар тодрууллаа.
-Ямар шалтгаанаар гэр хураасан юм бэ?
-Өлсгөлөн зарлуулахгүй гэж л хураасан. Манай жижүүрийн ерөнхий болон ахлах эмч, мөн хөндлөнгийн хоёр хүнийг гэрчээр байлцуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн 40 гаруй офицер гэр хурааж протокол хөтлөн үлдээсэн байсан.
-Яагаад өлсгөлөн зарлах хэмжээнд хүрэв?
-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг зориулалтаар нь авч үлдэхийн тулд, мөн УИХ-ын 22 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төсөл Байнгын хороонд гацсаныг шийдвэрлүүлэхийн тулд бид өлсгөлөн зарлахаар шийдсэн.
-Холбогдох газраас зөвшөөрөл авсан байсан уу?
-Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлахаар энэ сарын 17-нд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т хандсан ч зөвшөөрөөгүй. Харьяаллынхаа дагуу 18-нд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т хандсан, одоогоор хариу ирээгүй байна.
-Та бүхнийг өлсгөлөн зарлавал ажлаас чинь хална гэсэн гэл үү?
-Өлсгөлөн зарлаж байгаа эмч нарыг баривчилна, офицерийг ажлаас нь хална гэж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр (уржигдар) телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Албан ёсоор бичиг ирээгүй. Офицеруудын хувьд дүрэмд нь энэ талаар заасан байдаг болохоор өлсгөлөнд оролцохгүй байгаа. Манай 234 ажилтны 68 нь офицер цолтой, бусад нь энгийн албан хаагчид. 30 хүн өлсгөлөн зарлахаар бэлтгээд байсан. Бид намын, эсвэл ямар нэг улс төрийн тэмцэл хийгээгүй.
-Одоо эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа юу?
-Хэвийн явж байна. Гэхдээ бид сэтгэл санааны хувьд хүнд байдалд ороод байна. Биднийг хөөгөөд гаргахад бэлэн юм шиг, байнга харуул хамгаалалттай байгаа. Маргааш ирэхэд ажилтай байх уу, үгүй юу гэсэн айдастай гурван сар явлаа.
-Х.Тэмүүжин сайдтай уулзсан уу?
-Хэд хэдэн удаа хүсэлт тавьсан ч уулзаагүй. Халз мэтгэлзээнд хүртэл урьсан. Чимээгүй л байна
-Цаашид яах бодолтой байна вэ?
-Бидний тэмцэл зогсоогүй, үргэлжилнэ. Х.Тэм үүжин сайд хорих ангийн эмнэлэг болгоно гэж ярьсан учраас хүлээж байна. Шийдвэр гартал харна гэв. Харин өчигдөр 16.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас өлсгөлөн зарлаж болохгүй гэсэн албан бичиг ирүүлжээ.
Э.Эрдэнэцэцэг