Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг (ТТАХЭ)-ийн шинэ барилгыг Хууль зүйн яамны мэдэлд өгөх шийдвэрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газар гаргасан нь тус эмнэлгийнхний зүгээс эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч буй. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилгаар эмч нар өлсгөлөн зарлах гэж буй талаар сүүлийн үед мэдээлэл сонсогдох болсон. Тэгвэл О.Баасанхүү гишүүн өчигдөр энэ талаар залруулга хийсэн юм. ТТАХЭ-ийн шинэ байрыг улсын хөрөнгөөр эмнэлгийн зориулалтаар барьж байгаа бөгөөд Улсын комисс хүлээн авч, төрийн өмчид бүртгүүлээгүй байгаа учраас тус эмнэлгийн байр хуулиараа бол Хууль зүйн яамны өмч биш гэсэн тайлбарыг тэрбээр хийсэн. Тиймээс уг барилгад Сангийн яам, УИХ хяналт тавих ёстой бөгөөд энэ талаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн гэнэ. Тус эмнэлэгт ажиллаж байсан эмч нар одоогоор Батлан хамгаалах яамны харьяанд очсон бөгөөд ажилдаа сэтгэл хангалуун байгаа аж. Гагцхүү эмнэлгийн зориулалтаар анхнаасаа төлөвлөн төсөвлөж бариулсан дээрх барилгыг прокурор, шүүхийн үйл ажиллагаа явуулах байр болгох бус, хүүхдийн эмнэлэг эсвэл амаржих газрын зориулалтаар ашиглахыг эмч нар хүсэж байгаа гэнэ. Тэр тусмаа хүүхдийн эмнэлэггүй Чингэлтэй дүүрэгт эмнэлгийн барилгыг ашиглах боломжтой юм. “Бид төрийн албан хаагчдын эмнэлэг байгуулъя гээгүй. Төр өмчөө мэдээд, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулъя л гэж байгаа юм. Бид төсвийн тухай хуулийг хянах чиг үүргийнхээ дагуу тогтоолын төслөө өргөн барьсан. УИХ зөв шийдвэр гаргана гэж найдаж байна. Эмч нар ийм л асуудлаар надтай уулзсан. Харин өлсгөлөн зарлах асуудлыг би зохион байгуулаагүй” хэмээн тэрбээр хэлэв.