Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэм буруутай нь гурван шатны шүүхээр тогтоогдож, тогтоол нь ШШГЕГ-т Улсын Дээд шүүхээс очсоны дагуу түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 441 дүгээр ангид ялыг нь эдлүүлэхээр болсон. Түүнийг Зайсан дахь ШШГЕГ-ын харьяа Дамжин өнгөрүүлэх 401 дүгээр ангид Улсын клиникийн II эмнэлгээс шилжүүлж, хэд хоногийн дараа хорих анги руу нь хүргээд байсан. Гэтэл өчигдөр дахин Дамжин өнгөрүүлэх ангийн эмнэлэгт шилжүүллээ. Үүнийг түүний төлөө өлсгөлөн зарласан эхчүүд, намын даргынхаа төлөө бүхнийг хийж буй Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай холбон тайлбарлах хүмүүс ч байгаа. Н.Энхбаярыг эмнэлэгт хэвтүүлэх шаардлага байхгүй гэж Хууль зүйн сайд мэдэгдээд буй. Гэвч Улсын клиникийн II эмнэлэгт Ерөнхийлөгч асанд зориулан тусгай өрөө бэлтгэсэн бөгөөд түүнийг дахин тус эмнэлэгт шилжүүлэхэд бэлтгэж, Хорих 401 дүгээр анги рүү хүргэлээ гэж зарим хүн өгүүлж байгаа юм.