Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш төрийн албан хаагчдыг хоморголон халж, оронд нь хууль бусаар хүмүүсийг томилж буй талаарх гомдол тасрахг үй байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдад асуулга тавьсан ч дөрвөн сар өнгөрч байхад бүрэн гүйцэд хариу өгөөгүй аж. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг иргэдийн болон өөрсдийн цуглуулсан мэдээлэлд тулгуурлан Засгийн газар Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байна хэмээн үзэж буйгаа өчигдөр мэдэгдэв. Төрийн албан хаагчдын цалингийн зардалд өнгөрсөн онд 1.2 их наяд төгрөг зарцуулсан бол энэ онд дээрх зардал 1.41 болохоор байгаа гэнэ. Төрийн албан хаагчийн дундаж цалинг 500 мянган төгрөгөөр тооцвол дээрх зардлын зөрүү болох 210 тэрбум төгрөг 33 мянган хүний цалинтай тэнцэх юм. Засгийн газар цалингийн зардлыг ийнхүү нэмээд зогсоогүй бараа үйлчилгээний зардлыг мөн 200 тэрбум төгрөгөөр өсгөжээ. Түр орлон гүйцэтгэгч гэсэн статусаар ажиллаж байгаа удирдах албан тушаалтан олон бий. Тэгвэл Төрийн албаны тухай хуулийн 21-д “Тухайн байгууллагын эрх бүхий албан ту шаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсоны дагуу албан үүргийнхээ зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэж болно” гэсэн ганц заалт байдаг аж. Гэтэл Засгийн газар тогтоол гаргаж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журамд өөрчлөлт оруулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тиймээс МАН-ын бүлэг уг журмын өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц, УИХ-ын холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд хуульд нийцүүлэн тогтоолыг цуцлах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.