СӨХ-ны үйл ажиллагааны талаарх гомдол, санал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс олон ирэх болжээ. Энэ дагуу тус газрынхан анхаарлаа хандуулан ажиллаж байна. СӨХны одоогийн болон цаашдын ажлын талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодруулав.
-СӨХ өнөөдөр хүртэл ямархуу байдалтай ажиллаж ирэв?
-СӨХ-ны Дээд зөвлөл анхандаа ТББ-ын хэлбэрээс үйл ажиллагаа явуулна хэмээн гэрчилгээ авсан байдаг. Тус байгууллага нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй СӨХ-ны 90 гаруй хувийг гишүүнээ болгосон. Гишүүдээсээ сар бүр олсон орлогоос нь хоёр хувийн татвар авдаг. Мөн Дээд зөвлөл нь СӨХ-доо шалгалт хийсний төлбөр, зөрчил илрэх юм бол 20 хувийн торгууль ногдуулдаг байжээ. Эндээс харвал СӨХ-ны Дээд зөвлөлийн тэргүүлэгчид хууль бусаар санхүүждэг байж.
-Танай байгууллага тус зөвлөлийг хууль бусаар байгуулагдсан учраас татан буулгах хэрэгтэй гэж үзэж байсан. Харин одоо тус зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Д.Арвин сонгогдлоо. Татан буулгах чинь хэвээрээ юү?
-УИХ-ын гишүүн Д.Арвин сонгогдохоос өмнө тус зөвлөлийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзан, ТББ-ынхаа үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж, гишүүнчлэлээ тодорхой болго гэсэн шаардлага тавихад хүлээж аваагүй. Тиймээс манай газраас тус ТББ-ыг татан буулгахаар шүүхэд хандах үед дарга нь өөрчлөгдсөн. Иймээс бид уг асуудлаа азнан Д.Арвин гишүүнтэй уулзаж, СӨХ-ны асуудлыг хамтран цэгцлэхээр боллоо.
-Хэрхэн хамтран ажиллахаар болсон бэ?
-Д.Арвин гишүүн Дээд зөвлөлийн дарга болохоосоо өмнө СӨХ-ны хуульд өөрчлөлт оруулах санал тавьсан. Уг хуулийн төслийг бид хамтран боловсруулах санал тавьсан. Ер нь СӨХ-ны асуудлыг төр өөрийн мэдэлд авч, Улсын өмчит үйлдвэрийн газар болгох юм бол иргэдийн өргөдөл, гомдлыг шийдэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн СӨХны асуудлыг шийддэг нэг ч байгууллага байдаггүй. Оршин суугчид аудит, цагдаагийн байгууллагад хандахад “Та нар өөрсдөө шийд, даргаа солих юм бол шийдэх боломжтой” хэмээн хариулдаг гэсэн.
-Танай байгууллагад ирсэн иргэдийн санал, гомдолд тулгуурлан СӨХ-дод шалгалт хийж байгаа гэсэн. Энэ асуудал юу болж байна вэ?
-Манайд ирж байгаа өргөдлийн 50 орчим хувийг СӨХ-той асуудал эзэлдэг. Өдөрт гэхэд утсаар тав, бичгээр 10-15 санал хүсэлт ирдэг. СӨХ-ны дарга нар эрх мэдлээ ашиглан оршин суугчдын дундын өмч болох өрөөг хувьчлан бусдад зарсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн I хорооллын 19 дүгээр байрны оршин суугчдын мөнгөнөөс СӨХ-ны Дээд зөвлөлд жилд 500 мянган төгрөгийг татварт өгдөг мөртлөө буцаад ямар ч үйлчилгээ үзүүлдэггүй. Дэд бүтцийн сайд асан Б.Жигжид СӨХ-ны Дээд зөвлөлийн дарга байхдаа тус зөвлөлд харьяалалгүй СӨХ-ны байрны дулааныг өгөхгүй гэсэн тушаал гаргасан байгаа юм. Энэ мэтчилэн Дээд зөвлөлөөс гаргасан тушаал, тогтоолыг хүчингүй болгосон байгаа.