УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийх явцад санаачлагч нь буцаан татаж буйгаа мэдэгдэв. Төсөл санаачлагч эхний ээлжинд төслийн амин сүнс гэж байсан сэтгүүлчийн редакц болон эзнээс хараат бус байх наймдугаар заалтыг татан авсан юм. Өчигдрийн үдээс өмнөх чуулган дээр дээрх төсөлтэй хамтатган өргөн барьсан, Иргэний болон Эрүүгийн хуулийн төслөө буцаан татаж буйгаа мэдэгдсэн. Гэтэл үдээс хойш үргэлжилсэн хэлэлцүүлгийн үеэр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөө ийнхүү бүгдийг нь буцаан татав. Бага багаар нь буцаасаар “байхгүй” болгосон нь энэ. Эл төсөлд хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжлийн хараат бус байдлыг хангах, захиалгат сэтгүүл зүйгээс татгалзахын тулд хариуцлагын тогтолцоог сайжруулах хоёр тулгуур зохицуулалт оруулсан байсан. Мөн төсөл санаачлагчийн буцаан татсан амин сүнс гэж болох сэтгүүлч редактайгаа гэрээ хийх заалтыг УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийнхэн буцааж оруулсан байсан юм. Эхний хэлэлцүүлгийн түвшинд байсан төслийг гэнэт буцаан татсаныг нь түүний ахлах зөвлөх П.Цагаан “Ерөнхийлөгч хэвлэлийн болон тэнд ажилладаг сэтгүүлчдийн бичиж туурвих эрх чөлөөг баталгаажуулах зорилгоор уг хуулийн төслийг санаачилсан. Гэвч хэлэлцүүлгийн явцад хэвлэлийн эрх чөлөөг хумих, хязгаарлах, хэвлэлийн эрх чөлөөнд Төрийн нөлөө, оролцоог нэмэгдүүлэх тал руу хэлбийх шинжтэй болсон тул хуулийн төслийг татаж авлаа” хэмээн тайлбарлав.
С.ТУУЛ