Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн АН-ынхан дотроо хагаралтай байна. Намын хорооны 105 гишүүний олонх нь “Алтангадас” фракцад данстай гэнэ. Тэд өнгөрсөн ням гаригт хуралдаад МоАХ угшилтай дарга Л.Эрхэмбаярыг суудлаас нь авч хаян, оронд нь “Хөх чоно” группийн захирал Пүрэвбаатарыг тавьсан юм байна. Дээрх хуралдаанд намын хорооны 58 гишүүн оролцсон тул ирц бүрэн, шийдвэр хүчинтэй хэмээн үзжээ. УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар намын хороогоо амжилттай удирдан оролцож чадаагүй, эв нэгдлээ хангаагүй хэмээн түүнд хариуцлага тооцсон аж.
Гэхдээ шийдвэрийг Л.Эрхэмбаяр хүлээн зөвшөөрөөгүй, тамгаа өгөөгүй байгаа гэнэ. Нэг иймэрхүү хоёр тийшээ харсан, гэхдээ “Алтангадас” олонхоороо чиг заасан маягтай тус дүүргийн АН-ынхан хэдэн өдрийг өнгөрөөж байгаа юм. Намын удирдлагатай холбоотой асуудлаар ээлжит бус хурал зарлаж өгөөч гэсэн хүсэлт дээр 55 гишүүн нь гарын үсгээ зураад, Л.Эрхэмбаяртаа өгсөн юм байна. АН-ын дүрэм ёсоор дүүргийн намын хорооны дарга нь хурлыг бичиг авснаас хойш 10 хоногт зарлах ёстой. Гэвч бичгээ 16.00 цагт өгөөд 20.00 цагт нь хурлаа хийж, даргаа “шүүсэн” байна. Ирц бүрдсэн учир шийдвэрээ хуучин даргадаа танилцуулж, тамга тэмдгээ өг гэв. Уржигдар тэд тамгаа авахаар ирсэн ч Л.Эрхэмбаяр нь тамгаа “өвөртлөөд” явсан байжээ. Тиймээс “Алтангадас” фракцынхан буюу олонх шинэ тамга хийлгэхээр зэхэж буй гэнэ. Тэдний шийдвэрийг дэмжихгүй байгаа гишүүд нь “Гарын үсэг зурсан 55 хүний зарим нь гадаадад байсан. Хуралд суусан 58 хүний гурав нь намын хяналтын зөвлөлийн гишүүн учраас аль нэг дүүргийн намын хороонд харьяалагдах ёсгүй. Ингээд 18 хүн хасагдаад 40 орчим хүн л хуралдсан болж байгаа. Тиймээс хүчингүй” гэж байна.
Юутай ч Сонгинохайрханы АН “дайны” байдалд оржээ. АН-ын хүчирхэг фракцуудын нэг “Алтангадас”-ын тэргүүн нь Ерөнхий сайд. Тиймээс энэ хагарлыг Ерөнхийлөгчид “гомдсон” Ерөнхий сайдын “хариу үйлдэл” хэмээн үзэх нь ч байна. Тэнд УИХ-ын сонгуулийн нэг мандатад дахин санал хураах ёстой. Дээ рээс нь удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Дахин санал хураалтыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах нь бараг тодорхой болсон. Улс төрийн ийм эгзэгтэй үед АН-ынхан ийнхүү хоорондоо арцалдсанаар МАН-ынхад таатай байдал үүсгэх нь мэдээж.