Монгол түмний оюуны соёлын гайхамшигт сан хөмрөгийг хадгалдаг Үндэсний номын сан үүдээрээ дүүрэн автобус, хүн, машин хөлхсөн их хөлийн талбар болох нь ээ. Саяхны өдөр нийслэлийн Засаг дарга маань хоймортоо залах ёстой “эрдэнэсийн авдар”-аа хатавчинд гаргаад хаячихсантай ялгаагүй шийдвэр гаргаж, тус номын өргөөний үүдэнд автобусны зогсоол байгуулах үүрэг өгч, энэ сарын 26-наас мөрдүүлэхээр болсон юм. Аль ч улс оронд театр, номын сан, музей нь улсын онцгой объектод тооцогддог, төрөөс анхаарал тавьж, улсын ерөнхийлөгч нь өөрийн ивээлд авдаг жишиг байдаг. Гэтэл манайд тийм биш. 90 жилийн буурал түүхтэй номын сангийн эл барилга үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн МХЕГ-ын “акт”-тай хоёр жилийн нүүр үзэж байгаа. Зундаа хур ихтэй үед доод хонгил нь усаар дүүрч сандаргадаг, даац нь хэтэрч, дам нуруу нь хотойсон, номын хадгалалт хамгаалалтын нөхцөл алдагдаж байгаа гэхчилэн тоочвол өч төчнөөн зовлон тус номын сангийнханд бий.
Үндэсний гэж гоё нэр өгч, үүдний хөшөөг Б.Ринчен багшийнхаар сольсныг эс тооцвол энэ номын өргөөнд дорви той өөрчлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Шинэ барилга барьж өгнө гэж ярьсаар хоёр жил дамнаж байгаа билээ. Номын сангийн өмнө автобусны зогсоол барих эл шийдвэр Монгол Улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн 17.7-д “Хамгаалалтын бүсэд байшин, барилга барих, түүх соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалт, Стандарт хэмжил зүйн үндэсний төвөөс баталсан “Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага” MNS ISO 11799: 2007 стандартын IV хэсгийн “....хортой хий, утаа, тоос шороо тэргүүтнийг ялгаруулан гаргадаг үйлдвэр үйл ажиллагааг байгууллагаас хол байвал зохино” гэсэн заалтыг, нийтийн тээвэр, Замын зогсоол, ангилал, техникийн ажиллагаа MNS 5879:2008 стандартын заалтуудыг тус тус зөрчиж байна гэж номын сангийн удирдлага үзэж байна. Номын сангийн үүдэнд нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол байгуулбал орчны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл алдагдах, галын болон хулгайн эрсдэл гарах нөхцөл бүрдүүлж, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй замын хөдөлгөөний аюулгүй байдалд ч нийцэхгүй гэж тэд хэлж байна.
Номд хайртай, өв соёлоо дээдэлдэг хүн болгон Засаг даргын энэ шийдвэрийг эсэргүүцэж байна. Улсын “эрдэнэс”-ийг хадгалдаг цор ганц номын сангаа нураачихмааргүй, олны хөлийн бай болгомооргүй л байна санж. Эрхэм хотын дарга аа, энэ шийдвэрээ эргэж харах ёстой юм биш үү.