Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга У Банго УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар
нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 1-нд манай оронд айлчлах гэж байна.
Тэрбээр З.Энхболдын урилгаар ирж буй анхны томоохон зочин болж байна. Оросын эх сурвалжид мэдээлснээр бол, У Банго ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотод болох Ази, Номхон далайн орнуудын Парламентын XXI чуулга уулзалтад оролцчихоод манайд ирэх аж. Хятадын Парламентын тэргүүний хувийн амьдралын талаар мэдээлэл тун ховор юм. Ер нь Хятадын эрх мэдлийн дээд түвшинд байдаг хүмүүсийн тухайд ийм мэдээлэл элбэг байдаггүй нь энд баримталдаг зарчимтай нь холбоотой юм уу гэмээр байдаг. Тийм болохоор хүндэт зочныхоо талаар албан ёсны чанартай зарим мэдээллийг уншигчдадаа хүргэе.
У Банго Хятадын хан үндэстэн бөгөөд 1941 оны долдугаар сард Аньхой мужийн Фейдун сууринд төржээ. Бээжингийн нэр хүндтэй “Цинхуа” гэдэг политехникийн дээд сургууль төгсөж, дээд боловсролтой инженер болсон байна. Ажил хөдөлмөрийн гараагаа 1966 оноос эхэлсэн аж. Анх ажилласан газар нь Шанхай хотын чийдэнгийн III үйлдвэр бөгөөд 1976 он хүртэл энд ажилчин, техникч, хэлтсийн дарга, орлогчоор ажиллажээ. 1964 онд Хятадын коммунист намд элссэн аж. 1976-1978 онд үйлдвэрийнхээ намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, Хувьсгалт хорооны орлогч дарга зэргээс эхлэн 1994 он болтол энэ л Шанхайдаа хотын намын хорооны нарийн бичгийн дарга, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн болтол дэвшсэн байна.
1994 оноос төв рүүгээ шилжиж, ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн болжээ. 1997 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч болсон байна. Албан тушаалын шатаар ийн ахисаар 2003 оноос өнөөг хүртэл одоогийн албаа хашиж, ХКН-ын дотор хоёр дахь хүн нь болж явна.
Р.ЖАРГАЛАНТ