Парламентын сэтгүүлч болохоор суралцаж эхэлж буй миний бие өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын чуулганы хуралдааныг анх удаа сурвалжлав. Сэтгүүлчид УИХ-ын чуулганы хуралдааныг гурван давхрын бельэтажнаас ажиглан хянадаг. Яг энэ үеэр Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийж дуусаад, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхээр зэхэж байлаа. Чуулганы танхимыг дээрээс нь харж байгаа учраас хэн, хаана, юу хийж байгаа нь алган дээр мэт ил. “Бурхан цайны цагаараа зурсан гэнэ лээ” гэдэг онигоо шиг л хууль “үйлдвэрлэх” ажилд гишүүдийн зарим нь үнэхээр хайнга ханддагийг хараад гайхав.
Тэнд нэг гишүүн хуулийн төсөл танилцуулж байхад Х.Тэмүүжин сайд хээв нэг босоод гараад явчих юм. Ц.Оюунгэрэл сайд жиргээд, эсвэл мессенжердээд ч байгаа юм уу, нөүтбүктээ юм бичээд л, наахна нь С.Одонтуяа гишүүн IPad-аараа сайтаар аялж байх шиг байна аа. Зарим нь утсаар чанга чанга ярьж, эсвэл сонин уншаад л. Дунд сургуулийн битгий хэл, цэцэрлэгийн хүүхдүүд ч ангидаа ийм байхгүй. Тэд хэзээ багшийгаа сонсож, хэзээ дүрсгүйтэхээ мэднэ. Харин УИХын гишүүдийн хувьд хуулийн хэлэлцүүлгийн цаг тэр чигтээ “завсарлага” байдаг бололтой. М.Батчимэг гишүүн төслөө танилцуулж дууссаны дараа С.Бямбацогт гишүүн асуулт тавив. Түүнд хариултыг нь өгч байх үед Г.Батхүү гишүүн босон, зэрэгцээ суугаа Р.Гончигдорж, С.Баярцогт хоёрын ширээг тохойлдож ирээд хөөрөлдөж байна. Ард нь суусан Ч.Сайханбилэг гишүүн яриаг улам “өдөөж”, тэд гудамжинд байгаа аятай чанга чанга инээн, “дүрсгүйтэв”.
Асууж, хариулт өгч байгаа хүмүүсийг сонсож байгаа хүн ер алга. УИХ-ын гишүү дийн олонхын сана лаар хууль баталдаг. Гэхдээ ирц л хүрсэн бол гишүүд тухайн хуулиа ойлгосон эсэх нь ч тодорхойгүйгээр авто матаар товчлуур дардаг мэт. Өчигдрийн чуулган дээр Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэх үеэр танхимд ердөө тавхан гишүүн сууна лээ. Ц.Оюунгэрэл гишүүн тайлбар өгч, бусад нь асуулт тавьсан.
Сонгуулиар айлын хог шүүрдэх шахам байж, хамаг л арга чаргаа хэрэг лэн сонгогдчихоод тэд иймэрхүү маягтай л ажилладаг аж. Тэд ер нь ажиллах гэж биш, амарч, сул цалин хүртэх гэж УИХ-ын суудал рүү зүтгээд байсан юм биш байгаа. Хууль батлах гэж ч гурилддаг юм байна даа. Монголын хувь заяаг ингээд л шийдчихдэг юм байна
Р.ОЮУНЦЭЦЭГ