Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг дорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад зохион байгуулж буй Швейцарийн холбооны улсын Ерөнхийлөгч Уэли Маурертай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон шууд ардчилал, түүний Монгол дахь байдлын талаар ярилцав. Швейцарийн Ерөнхийлөгч “20 жилийн өмнө би Монголын тухай тийм ч сайн мэддэггүй байсан. Харин одоо Монгол дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Монгол бол гүн гүнзгий түүхийн сурвалжтай, үнэхээр сонирхол татсан орон. Би саяхан Монголын тухай нэг ном уншихад хүмүүс нь үнэхээр найрсаг зочломтгой гэж дүрсэлсэн байсан” хэмээв.
Улмаар хоёр орны Төрийн тэргүүн Монгол Улс дахь иргэний оролцооны тухай, шууд ардчиллын сургалтууд болон иргэд нь төсвөө хянаад, захиран зарцуулах шийдвэрээ хуулиар олж авсан талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улс Швейцарь улстай дэд бүтэц, ялангуяа уулархаг бүсэд зам тээвэр, бүтээн байгуулалтын туршлага хуримтлуулж ирсэн баялаг уламжлалыг нь судлах, мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэлтэй байна” гэв. Мөн сүүний үйлдвэр байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр усны менежментийн талаар ярилцсан. Хүн амын 40 орчим хувь нь нийслэл хотдоо суурьшсанаас үүдэн олон жилийн хөрсний бохирдол гүний усны нөөцөд заналхийлж байгаа нь энэ салбарт хамтын ажиллагаа, дэмжлэг тусламж их хэрэгтэйг харуулж байна гэж Ерөнхийлөгч онцолсноор уулзалт өндөрлөв.