Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболдын урилгаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ)-ын Байнгын хорооны дарга У Банго нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 1-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь Хятад, Монголын харилцаанд чухал ач холбогдолтой айлчлал төдийгүй 2013 он гарсаар тус хоёр орны дээд түвшний харилцаанд тохиож буй анхны томоохон үйл явдал юм. 16 жилийн өмнө БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Монгол Улсад айлчилсны дараа Хятадын Парламентын дарга дахин айлчлах гэж буй нь хоёр улсын, ялангуяа хоёр орны хууль тогтоох байгууллагын харилцаанд шинэ хуудас нээх болно. Уул усаараа холбогддог Хятад, Монгол хоёр уламжлалт найрсаг харилцаатай.
Монгол Улс бол өнөөгийн Хятад улстай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон улсуудын нэг. Дипломат харилцаа тогтоосноос хойших 60 жилд хоёр талын харилцаа саад бэрхшээл даван туулж, найрсаг гол урсгалаа хадгалж ирсэн. Өнөө үед манай хоёр улс хоёул олон улс, бүс нутгийн шинэ байдалтай уялдуулан эдийн засаг, нийгмээ хурдацтай хөгжүүлэх үүргийг хүлээж, өсөн дэвжиж байна. Хятад, Монголын тал хоёр улс, ард түмнийхээ сайн сайхны төлөө найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн. 2011 онд хоёр орны хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон нь харилцаанд маань шинэ хуудас нээсэн билээ. Өнгөрсөн хоёр жилд стратегийн түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ хэлбэр, агуулгаар баяжуулав. Өдгөө хоёр орны дээд, өндөр түвшний харилцаа тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин, хүмүүнлэгийн солилцоо өдрөөс өдөрт идэвхжиж байна. Хятад, Монголын харилцаа түүхэн хөгжлийнхөө хамгийн сайн үед ирээд байна.
2012 оны зургадугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бээжин хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцож, Хятад улсын дарга Ху Жинтао, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Кэчан нартай ажил хэрэгч, үр дүнтэй уулзалт хийсэн. Хоёр талын удирдлага цаашид стратегийн түншлэлийн харилцаагаа хэрхэн хөгжүүлэх талаарх чиглэлийг тодорхойлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар нэгдмэл ойлголтод хүрэв. Өнгөрсөн оны наймдугаар сард Монголд УИХ шинээр сонгогдон, Засгийн газраа эмхлэн байгуулмагц Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингог Монголд айлчлан, хоёр орны харилцааг хөгжүүлэх, ялангуяа улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх талаар санал солилцсон нь манай хоёр орны цаашдын хөгжилд чухал суурь тавив. Монголын шинэ Засгийн газар хоёр орны харилцааг улсынхаа гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэж үздэгээ дахин тэмдэглэсэн. Эдүгээ хоёр орны хооронд шийдэгдээгүй томоохон асуудал үгүй.
Хоёр тал улс төр, стратегийн зүгээс бие биедээ өндөр ач холбогдол өгч, нөгөө талын үндсэн эрх ашиг, анхаарлыг хүндэтгэн, олон улс, бүс нутгийн сонирхсон асуудлаар илэн далангүй ярилцаж, харилцан ойлголцол, итгэлцлээ улам бүр нэмэгдүүлж байна. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нягт хурдацтай хөгжиж ирлээ. Өнгөрсөн онд хоёр талын худалдааны эргэлт зургаан тэрбум 600 сая доллар болж, 2002 оны үзүүлэлттэй харьцуулахад 19 дахин өссөн. Монголын талын экспорт гурван тэрбум 900 сая доллар болсон нь Монголын гадаад худалдааны нийт эргэлтийн 70 гаруй хувьтай тэнцлээ. Өнгөрсөн онд хүртэл Хятадаас Монголд оруулсан хөрөнгө оруулалтын хуримтлагдсан хэмжээ хоёр тэрбум доллараас давсан. Өнгөрсөн арав гаруй жилд Хятад улс Монголын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулагч орон болсон. Хоёр улсын хөгжил бие биедээ сайхан боломж олгодог гэж Хятад, Монголын тал санал нэгтэй үздэг.
Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг тогтвортой, хурдацтай өсч, хөгжил, бүтээн байгуулалтын ололт нь дэлхийн анхаарлыг татаж буй. Монгол улс эрдэс баялгийн нөөцөө түшиглэж их бүтээн байгуулалт, хурдацтай хөгжлийнхөө шатанд ор сон. Хоёр орны хурдацтай хөгжил худалдаа, эдийн засгийн салбарт ажил хэрэгч, харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг тэлэн гүнзгийрүүлэхэд өргөн боломж олгож байна. Хоёр тал нь уул уурхайн баялаг нөөц, дэд бүтэц, санхүүгийн дэмжлэг гэдэг гурван зүйлийг нэгдмэл байдлаар, хооронд нь уялдаатай байх зарчмаар эдийн засгийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Хятад улс хөрш орнуудтайгаа эв найртай харилцах, хөршөө дэмжин баяжуулах бодлого баримталдаг. Хятадын тал Монголын талын хөгжлийн шаардлагыг харгалзан нааштай дэмжлэг үзүүлсний нэг нь Азийн зэсийн хамгийн том орд Оюутолгойн үйлдвэрийн ашиглалттай холбогдож буй. Монголын талын хүсэлтийн дагуу Хятадын талаас ихээхэн хүчин чармайлт гаргасны үр дүнд өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Хятадын ӨМӨЗО-оос тус төсөлд эрчим хүчээр хангасан нь үйлдвэрийг ашиглалтад оруулахад жинтэй хувь нэмэр оруулсан.
Хоёр улсын Төвбанк хооронд валют солих хэлэлцээр байгуулсан. Удахгүй Хятадын банк Монголд төлөөлөгчийн газраа нээх юм. Цаашид уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагаанд шинэ ахиц гаргах, төмөр зам, авто зам, боомтын хамтын ажиллагааг эрчимж үүлэхийн төлөө Хятадын тал Монголтой хамтран ажиллахад бэлэн байна. Монгол Улсыг уул уурхайн түүхий эдийг нутагтаа боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарган, үндэсний аж үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд нь Хятадын тал дэмжлэг үзүүлэх болно. Түүн лүгээ Монголын талаас алс хэтийг харж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тогтвортой, тааламжтай нөхцөл бүрдүүлэхийг хүсч байна. Өнгөрсөн олон арван жилийн туршид Монголын эдийн засгийг хөгжүүлэх, ард түмний амьдралыг сайжруулахад Хятадын тал хүч бололцооныхоо хэрээр дэмжлэг үзүүлж ирлээ. 1960-аад онд Хятадын тусламжаар барьсан Энхтайваны гүүр, “ДЦС-2”, Улсын их дэлгүүр зэрэг нь эдүгээ ч Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол орны хөгжил, ард түмний амьдралтай амин чухал холбоотой зам, хороолол, сургууль, хөдөө аж ахуйн төслүүдэд Хятадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл үр дүнгээ өгч байна. Цаашид ч Монголыг сайн хөрш, сайн түншийн хувьд дэмжихэд бэлэн байна. Хоёр орны ард иргэдийн болон хүмүүнлэгийн харилцаа нягт, идэвхтэй хөгжиж байна.
Өнгөрсөн онд хоёр орны харилцан зорчсон иргэдийн тоо нийлээд нэг сая 660 мянга болсны нэг сая 260 мянга нь Хятадад зорчсон Монголын иргэд байна. Хоёр орны харилцаа ны хөгжил Монголын залуучуудад сайхан боломж олгосон. Тэдний дунд хятад хэл сурах, Хятадыг мэдэх хүсэлтэй залуус олон. Монголын олон сургуульд хятад хэлний хичээл заадаг. Одоо Монголын 6000 гаруй оюутан, сурагч Хятадад сурч байгаа. Монголоос жилд 1000 гаруй оюутан, сурагч Хятадын Засгийн газрын тэтгэлгээр манай улсад суралцдаг. Күнзийн институт, Хятадын соёлын төвд хятад хэлний сургалт, соёлын арга хэмжээ явуулж байна. Эдүгээ Хятад, Монголын харилцаа шинэ боломжтой тулгарч байна. Өнгөрсөн онд болсон Хятадын Коммунист намын арваннаймдугаар их хурлаас манай улсын цаашдын хөгжлийг бүрэн тодорхойлж, “хоёр зуун жилийн зорилт” дэвшүүлэн, эдийн засгийн хөгжлийн арга барил, бүтцийг өөрчлөн сайжруулах улам өндөр шаардлага тавьж, гадаад харилцааны талаар шинэ зохицуулалт хийсэн. Хятад улс хөгжлийн шинэ шатанд орж, урьд өмнө байгаагүй шинэ боломж, хэтийн төлөв нээгдэж байгаа нь хөрш орнууд, түүний дотор Монголд ч хамаатай асуудал юм.
Монгол Улсын Засгийн газар хөгжлийнхөө үзэл баримтлалыг шинээр томъёолж, уул уурхайн хөгжил, дэд бүтэц, хотын хөгжил, аж үйлдвэржүүлэлтийн талаар шинэ бодлого гаргасныг Хятадын тал чухалчлан үзэж байгаа. Хоёр талын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон бодит шаардлагыг харахад бидэнд нийтлэг эрх ашиг, бие биеэ харилцан нөхдөг давуу тал олон байна. Цаашид бид харилцан итгэлцэл болон найрамдалт харилцаагаа улам бэхжүүлж хөгжлийн төлөвлөгөөгөө зохистой уялдуулан, хамтын ажиллагааны нийтлэг ашгийг олж, харилцан нөхдөг давуу байдлаа сайтар ашиглаж чадах юм бол харилцан ашигтай төлөв, хөгжлийг бий болгож, хоёр улсын харилцааг улам гүнзгий, хурдацтай хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. У Банго дарга Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсын Төрийн гурван өндөрлөгтэй уулзаж, хоёр орны харилцаа, Парламентын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Хоёр талын хүчин чармайлтаар айлчлал бүрэн амжилттай болж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлэх болно гэдэгт итгэл дүүрэн байна.
ВАН ШЯОЛУН БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд