АН-ын даргын ашиг сонирхол, Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд зарим аймгийн Засаг даргыг өнөөдрийг хүртэл батламжлаагүй. Тэр тусмаа МАН-ынхан олонх болсон Хөвсгөл, Дорнод аймагт түр орлон гүйцэтгэгч томилсон нь орон нутагт жагсаал цуглаан, өлсгөлөн зарлахдаа тултал хурцдаж эхэлсэн. Ерөнхий сайд Н.Алтан хуяг эрх мэдлийнхээ хүрээнд шийднэ хэмээн хэлж буй ч үүний цаана АН дахь улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн орон нутаг дахь ашиг сонирхол нуугдаж буй нь нэгэнт тодорхой болоод байна. Ялангуяа, Хөвсгөл аймгийн хувьд сүүлийн үед эрдэс баялгийн арвин их нөөц илэрч, өмнөх нийгмийн үеэс хав дараастай бидний үед ирсэн Бүрэнхааны фосфоритын үүцийг нээх сонирхол улс төрийн бүлэглэлүүдийн дунд мэдэгдэхүйц идэвхжсэн. Энэ нь хоймор нутгийн Засаг ноёны суудлыг улам үнэд хүргээд байна.
Өнгөрсөн 20 жилд Хөвсгөл аймагт болсон орон нутгийн сонгуулийн үр дүнг харахад АН, МАН хоёр ээлжлэн дөрөв дөрвөн жилээр засаглаж иржээ. 1992 онд МАН /хуучнаар МАХН/, 1996 онд АН, 2000 онд МАН, 2004 онд АН, 2008 онд МАН ялж энэ аймгийг удирдаж байв. Харин 2012 онд АН-ын эрх барих “ээлж” тохиосон ч нутгийнхан АН-ыг биш, МАН-ыг сонгосон. Энэ нь 22 жилийн түүхтэй ардчилал Хөвсгөлд ягаарсны илрэл гэж үзэж болохоор. Дээрх сонголтуудаас нэг зүйл анхаарал татсан. АН тус аймгийг удирдаж байх үед энэ аймагт хамгийн олон ашигт малтмалын лиценз олгогджээ: Зөвхөн 2008 онд гэхэд Хөвсгөлийн хойд хэсэг буюу хамгийн үзэсгэлэнтэй байгальтай нутагт 17 лиценз олгосон байх юм. Харин МАН эрх барьсан сүүлийн таван жилд нутгийнхаа газар нутгийн 58,6 хувийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, баялгийг биш байгалиа сонгосон шийдвэрүүд гаргажээ. Ингэснээр Хөвсгөл нуур, Дархадын хотгор, Тэнгис, Шишгэд, Эг, Үүр голын сав нутаг бүхлээрээ, Дэлгэр мөрөний эх орчмын газар нутгийг ашигт малтмалын лицензээс ангижруулах боломжийг бүрдүүлээд байгаа юм.
МАН ХӨВСГӨЛИЙГ УДИРДАЖ БУЙ ЦАГТ БҮРЭНХААНЫ ФОСФОРИТЫГ АШИГЛАХ САНААРХАЛ БҮТЭХГҮЙ
50 дугаар өргөрөг буюу энэ нутгийн хамгийн онгон дагшин байгальтай газар нутгийг тэр чигт нь тусгай хамгаалалтад авах шийдвэрийг аймгийн ИТХ 2009 оноос хойш хоёр ч удаа гаргаж, ашигт малтмалын лиценз бүхий олон компанийн ашиг сонирхолд чагт тавьжээ. Энэ нь Хөвсгөлд уул уурхайн чиглэ лээр үйл ажиллагаа явуулахаар техник хэрэгсэл, хөрөнгө мөнгө агссан бү лэглэлүүдийн эрх ашигт саад болсон. Орон нутгийнханд тэртусмаа Хөвсгөлийнхөнд онгон дагшин байгалиа лицензээс хамгаалах үлдсэн ганц арга нь энэ. Тиймдээ ч үүнийгээ жилээс жилд өргөжүүлэн өнгөрсөн оны тавдугаар сарын 07- ны 03 тоот тогтоолоор Бүрэнтогтох сумын Бүрэнхаан уул болон түүний орчмын 50000 га газрыг буюу уг сумыг тэрчигт нь хамгаалалтдаа авчээ. Энэ сум бол Бүрэнхааны фосфоритын ордын гол бүс нутаг. Фосфоритын нөөцийн дийлэнх нь энэ нутгийн газар дор бий. Тиймээс л Хотгойдын алдарт ван Чингүнжавын өлгий нутгийг сахин үлдсэн үр сад нь Бүрэнхааныгаа ухуулж, хөндүүлэхгүй гэсэндээ “Талстмаргад” компанитай олон жилийн турш сөргөлдөж буйг ун шигчид мэдэх байх.
Бүрэнтогтох гэх ганц энэ суманд хайгуул ашиглалтын 27 лиценз олгожээ. Үүний зургаа нь “Талстмаргад” компанийнх бөгөөд Стратегийн энэ ордод хэсэгчилэн лиценз олгосон нь анхнаасаа хууль зөрчсөнийг холбогдох эрх мэдэлтнүүд дуугүйхэн хүлээн зөвшөөрдөг. Гэвч нутгийн иргэд эсэргүүцэн тэмцээд ч, аймгийн ИТХ нь газар нутгаа тусгай хамгаалалтад аваад ч, хууль бус лиценз авсныг нь илрүүлэн илчлээд ч энэ компанийн том ашиг сонирхлыг зогсоож дийлэхгүй байна. Тэд Хөвсгөлд хүчгүй ч хотод том хамгаалалттай тул орон нутгийнхан Бүрэнхаан уулаа хөндүүлэхгүйн тулд өөрсдөөс шалтгаалах бүх аргаа хэрэглэж буй нь энэ. Саяхан нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд “Талстмаргад” компанийн хууль бус лицензүүдийг цуцлуулахтай холбоотой нутгийнхан болон ТББ-ын нэхэмжлэлтэй шүүх хурал болсон. Үүгээр ашиглалтын хоёр лицензийг нь түтгэлзүүлсэн ч буцаан олгох боломжийг бас үлдээсэн.
Харин хайгуулын лицензүүдийнх нь тухайд Орон нутаг тусгай хамгаалалтад авсан учраас цуцлах боломж АМГ-ынханд бий. Гэвч АМГ-ынхан орон нутгаас нөхөн төлбөр олгосны дараа хүчингүй болгох шаардлага тавьсан нь энэ компанийн ашиг сонирхолд Улаанбаатараас хэрхэн үйлчилж, нутгийнхны эрх ашгийг хохироож буйг харуулав. Уг нь орон нутаг тусгай хэрэгцээндээ авсан л бол тэнд уул уурхайн үйл ажиллагаа явуулах нь байтугай лиценз эзэмшихийг хориглодог. Гэтэл АМГ-ынхан аймгийн ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэрийг нөхөн төлбөрөөр барьцаалж, хэрэгжүүлэхээс татгалзаж буй нь хэний ашиг сонирхолтой холбоотой байж таарах вэ. Хоёр жилийн өмнө Б.Батбаяр УИХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга байхдаа хүүгийнхээ эзэмшдэг Бүрэнхааны стратегийн ордын 51 хувийг төрд өгөхөө Ерөнхий сайд С.Батболдод амлаж, хэвлэлээр зарлаж байсан. “Талстмаргад”-ын эзэд нь ааваасаа эхлээд бүгд АН-ынхан. Харамсалтай нь Хөвсгөлийг МАН-ынхан удирдаж буйгаас фосфоритын ордоо ашиглах нь байтугай эзэмшиж буй лицензүүдээ хураалгах хүртэл хэцүү байдалд орчихоод байгаа. Харин АН-ынхан засаг баривал нутгийнхан хүссэн ч, үл хүссэн ч Хөвсгөлийн үүцийг нээж магадгүй юм. Үүний цаана ганц “Талстмаргад” биш АН-ын нөлөө бүхий нууц ноёнтнууд эзэн суусан “Хургатай хайрхан”-ы нэрээр лиценз эзэмшдэг Австралийн “Aspire mining” зэрэг том компаниудын ашиг сонирхол байгаа тул Ерөнхий сайд Н.Алтанхуягийг барьцаалсныг улс төрийнхөн хүлээн зөвшөөрч байна.
ЗАСАГ ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Д.АМАРБАЯСГАЛАН ХЭНИЙ “УТСАН ХҮҮХЭЛДЭЙ” ВЭ
Ерөнхий сайд Хөвсгөлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Амарбаясгалан гэх залууг томилсон. Хэд хэдэн хууль зөрчин томилогдож Үндсэн хуулийн цэцэд хүртэл маргаан үүсгээд байгаа Д.Амарбаясгалан гэж хэн бэ? Тэр УИХ-ын сонгуулиар АНын сонгуулийн штабыг удирдсан ч намаа аймгийн ИТХ-д олонх болгож чадаагүй. Аймгийн АН-ын дарга биш төдийгүй аймгийнхаа ҮЗХ-д ч сонгогдож чадаагүй түүнийг ийнхүү улайран зүтгүүлэх нь хэнд ашигтай вэ? Н.Алтанхуяг аймгийн ИТХ буюу МАН-аас санал болгосон Ганболд гэх хүнийг бизнес эрхэлдэг тул ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн татгалзсан. Гэтэл хувийн олигтой бизнесгүй ч том бизнесменүүдийн гар хөл болсон хүнийг хүчээр тулгах нь шударга явдал уу. “Бизнес майнд” ХХК-ийн захирал пиар, маркетингийн чиглэлээр ажилладаг, өмнөх Засгийн газарт БОАЖ-ын сайд Л.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байсан гэх энэ залуу төрийн байтугай бизнесийн намтаргүй. Тэр тусмаа аймаг удирдах хэмжээний ажил, амьдралын туршлагагүй бололтой юм
Хэдэн жилийн өмнө АН-д нэг хэсэг бужигнасан хоёр дахь ээлжийнхний хоолны зодоонд оролцож, АН-аасаа хүртэл гарч байсныг эс тооцвол улс төрийн ч намтар, туршлага ч алга. Гэтэл гэнэт ийнхүү аймгийн Засаг дарга хүртлээ Ерөнхий сайдын дэмжлэг авах болсныг намынхан нь ч гайхан хүлээн авчээ. Журмын нөхдийнх нь ярьснаар түүнийг “Талстмаргад” компанийн захирал Б.Батбилэгтэй JCA-ийн шугамаар ойртож, дотноссон “халаасных” нь хүн гэсэн мэдээлэл байна. Нутгийнхан ч Д.Амарбаясгаланг “Талстмаргад”- ын эрх ашгийг Хөвсгөлд хамгаалах зорилготой хэмээн харддаг нь үүнтэй холбоотой.
Аймаг, сум, багийн ИТХ-аас Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглуулахгүйн тулд “Талстмаргад” компанийн эсрэг шийдвэрүүдийг гаргаж, Хөвсгөлийг уул уурхайн бүс болгохыг эсэргүүцсээр байгаа. Үүнийг нам дарахад Засаг даргын суудал юу юунаас үнэ цэнэтэй нь ойлгомжтой. Тиймээс Хөвсгөлд үүссэн Засаг даргын суудалтай холбоотой тэмцэл, эсэргүүцлийн цаана улстөрчдийн хамгаалалттай уул уурхайнхны ашиг сонирхол нуугдаж буй нь үнэн байж мэднэ. Харин үүнийг хэрхэн зохицуулахаас Ерөнхий сайд Н.Алтанхуягийг сүүлийн үед сүүдэр мэт дагах болсон улс төрөөр халхавчилсан эрх ашиг, тэр дундаа 50 дугаар өргөргөөс хойших ашиг сонирхол нь ил болох биз ээ.