УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо буюу Парламентын дарга, ноён У Банго өчигдөр 10.45 цагт Буянт-Ухаа дахь олон улсын нисэх онгоцны “Чингис хаан” буудалд хүрэлцэн ирлээ. Түүнийг УИХ-ын дэд дарга М.Энхболд, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, УИХын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн тэргүүтэй албаны хүмүүс угтан, хадаг, сүүний дээжээ өргөн барив. Хятадын талаас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун, Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Чан Ваньлун болон албаны бусад хүн эрхэм зочныг угтлаа.
Ноён У Бангог дагалдан БНХАУ-ын Гадаад явдлын дэд сайд Жан Жизюнь, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Санхүү, эдийн засгийн комиссын дар гын орлогч Вэй Лючэн, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цао Вэйжоу, БНХАУ-ын Худалдааны дэд сайд Жун Шань нарын хамт хэвлэл мэдээллийн 30 га руй байгууллагын сурвалжлагч иржээ.УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй манай албаны хүмүүс Ноён У Бангог Төрийн ордны өмнөх талбайд хүндэтгэн угтаж, зочид Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр түүний айлчлал албан ёсоор эхэлсэн юм. Өмнөд хөршийн Төрийн дээд удирдлагын сүүлийн 16 жилд манайд хийж буй анхны айлчлал гэдгээрээ энэ удаагийн айлчлал онцлог болж байна. Тэрбээр Төрийн ордонд хөл тавин, хамгийн түрүүнд Баганат танхимд байрлах Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан юм. Үүний дараа З.Энхболд, У Банго, нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Хоёр улсын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд БНХАУын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гүйцэтгэсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төв лабораторийн төслийг хүлээлцэх баримт бичигт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, БНХАУ-ын Худалдааны дэд сайд Жун Шань нар энэ үеэр мөн газрын үсэг зурсан юм. Ноён У Банго УИХ-ын дарга З.Энхболдтой хэлэлцээр хийх үеэрээ түүний урилгаар ирсэндээ талархал илэрхийлж, Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлээд “Хятад, Монгол хоёр орон уул усаар холбогддог, найрсаг хөршүүд.
Дипломат харилцаа тогтоосноос хойших 60 гаруй жилийн хугацаанд хоёр орны харилцаа цаг үеийн болон олон улсын байдалд гарах өөрчл өлтийн сорилтыг даван туулж, эрүүл саруул тогтвортой хөгжиж байна. Ялангуяа 2011 онд хоёр орны хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хоёр талын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн итгэлцэл тасралтгүй нэмэгдэж, ажил хэрэгч хамтын ажиллагаа өдрөөс өдөрт гүнзгийрч, олон улсын болон бүс нутгийн хэрэг явдалд нягт оролцон, зохицуулж байна. Манай улс Хятад, Монголын харилцааг өндрөөр чухалчлан үзэж, стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулахад бэлэн байна” гэв. Эрхэм зочин өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзах юм. Эдгээр уулзалтын үеэр хоёр орны харилцаа болон хамтран сонирхож буй олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцохоо У Банго илэрхийлэв. Мөн өнөөдөр болох Хятадын банкны төлөөлөгчийн газрын нээлтэд оролцох юм.
Р.ОЮУН