Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бан гогийн Монгол Улсад хийж буй айлчлал өнгөрсөн лхагва гаригт эхэлсэн. Тэрбээр айлчлалынхаа эхний өдрийн орой УИХ-ын дарга З.Энхболдтой зоог барьжээ. Энэ үеэр манай Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, БНХАУ-ын Худалдааны дэд сайд Жун Шань нар сонирхолтой яриа өрнүүлсэн.
Харин айлчлалын хоёр дахь өдөр буюу өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хур лын Байнгын хорооны дарга У Бангод бараалхлаа. Ноён У Банго Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа талархаж буйгаа илэрхийлээд “Монгол Улсад хийж байгаа эл айлчлал бол Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хоёр улсын Парламент хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Ноён Ерөнхий сайд Хятад, Монголын худалдааны хам тын ажиллагааны төлөө их ажил хийсэн. Таны хийсэн ажлыг би өндрөөр үнэлж байна. Юуны өмнө манай Төрийн зөвлө лийн Ерөнхий сайд Вэн Жябаогийн мэндчилгээг уламжлахыг хүсэж байна. Миний бие анх удаа Монголд айлчилж байна. Улаанбаатар хот надад гүнзгий сэтгэгдэл төрүүллээ. Энд тэндгүй барилга баригдаж буй нь эдийн засаг хурдацтай хөгжиж байгааг харуулж байна” хэмээлээ.
“Монгол Улс бол Хятадын чухал хөрш мөн. Манай хоёр улс их бүтээн байгуулалт, шинэ хөгжлийн гараан дээр байна. Монгол Улс байгалийн баялаг ихтэйгээрээ давуу талтай бол Хятад улс хөрөнгө, техникийн хувьд боломжтой. Тиймээс бид худалдаа, эдийн засгийн салбарт нягт хамтран ажиллаж, илүү амжилт олох боломжтой. Мөн Хятадын нөлөө бүхий компаниудыг Монголын бүтээн байгуулалтад оролцуулахад бэлэн байна. Харин хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн үндэс нь хэн хэндээ тодорхой, тогтвортой байх нь чухал” хэмээн онцлон тэмдэглэв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах нь хамтын ажиллагааны тогтвортой хөгжилд чухал үүрэгтэйг онцлоод “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх нөөц боломж их байна. Уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, газрын тос, хөдөө аж ахуйн салбарт бид өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой” гэлээ.
Ц.ЭЛБЭГДОРЖ: БИДЭНД НЭГ БИШ ХЭД ХЭДЭН БООМТООР ГАРАХ ШААРДЛАГА БАЙНА
Ерөнхий сайдтай хийсэн 40 орчим минутын уулзалтын дараа ноён У Банго УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай богино хугацаанд ч болов танилцаад, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан юм. У Банго “Манай хоёр улс бол өргөн уудам газраар хиллэсэн хөрш. Стратегийн түншлэлийн харилцааг эрчимтэй хөгжүүлж байгаа орнууд юм. Монголын тал биднийг халуун дотно хүлээн авч байгаад баярлалаа. Монгол Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдтай уулзаж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүлэхэд улс төрийн харилцан итгэлцэл маш чухал. Хоёр улс бие биеийнхээ тусгаар тогтнол, эрх ашгийг тууштай дэмжиж, дотоод асуудалд оролцохгүй байх ёстой. Нийгэм тогтвортой байх нь Хятад, Монголын хувьд ашигтай байна.
Өнгөрсөн онд Хятадын Коммунист намын 18 дугаар их хурал хуралдаж, “Энхтайван, хөгжилд хамтдаа хүрнэ. Хятад улс дэлхийн энх тайван, хамтын хөгжлийн төлөө байх болно” гэдгээ тунхагласан. Хятад улс их гүрний дээрэнгүй үзэл баримтлахгүй. Монгол Улсад дэд бүтцийн хөгжил чухал байна. Монгол байгалийн баялгаараа, Хятад улс хөрөнгө, зах зээлээрээ давуу юм. Харилцан ашигтай хамтдаа хөгжих бодлого барьж байгаа тул Монголд дэмжлэг үзүүлэх болно” гээд бүс нутгийн болон олон улсын асуудлаар харилцан бие биеэ дэмжиж ажиллахаа мэдэгдэв. “Монгол Улс Хятад улсын дотоод асуудалд оролцохгүй гэсэн байр суурийг хатуу баримталдаг. Худалдаа, эдийн засгийн асуудлаар Ерөнхий сайдтай Та нэлээд нухацтай ярилцсанд баяртай байна. Хоёр орны хамтын ажиллагаанд шийдэх асуудлууд байгаа. Монгол Улс далайд гарцгүй. Энэ асуудлыг хоёр талаасаа ярилцах санал гарч байгаад баяртай байна. Бидэнд нэг биш, хэд хэдэн боомтоор гарах шаардлага байна. Тодруулбал, боомт, дамжин өнгөрөх тариф, хэдий хэмжээний ачаа нэвтрүүлэх боломжийн тухай асуудлууд байна” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ. У Банго хариуд нь “Монгол Улс гарц олоход түвэггүй. Хятадын төмөр замын тээвэр дэлхийд нэгдүгээрт орно. Харин Монголын төмөр замын даац, ачаа эргэлт бага. Бас боомт дээр дугуй солихоос болж, их цаг, мөнгө зарж байна. Далайн боомтын асуудлыг сайн ярих хэрэгтэй” гэв.
Ерөнхийлөгч хэлэхдээ “Хоёр орны Засгийн газар ярилцаад боомт, дамжин өнгөрөхтэй холбоотой асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй байна. Ингэвэл Монголын төмөр замын асуудлыг шийдэж болно. Түүнээс гадна таны хэлсэн “амжилтаа хуваалцъя” гэсэн санааг би их дэмжиж байна. Жишээ нь, Хятадын дэлхийд тэргүүлдэг төмөр замын салбартай амжилтаа хуваалцаж хөгж мөөр байна. Мөн нефть бү тээг дэхүүн байна. Энэ чиглэлээр бидний сана лыг сонсож, нааштайгаар хандаж бай гаад баяртай байна. Бид Хята дын ойрхон газруудаас нефть бү тээг дэхүүн авах, мөн Дорнодын газрын тосыг нэрж боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох хоёр хувилбараар ярилцах боломж бий. Дэд бүтцийн хувьд Замын-Үүдээс Алтанбулаг хүртэл хурдны зам тавих, төмөр замыг хос болгох асуудлаар хамтран ажиллах боломжтой байна. Хоёр улсын Засгийн газар хооронд бас нэг асуудал тохирсон. Түүнийг урагшлуулах хэрэгтэй байна. Энэ бол нүүрсний уурхайнуудыг түшиглэн цахилгаан станцууд барьж, дотоодын хэрэгцээнд ашиглах, мөн Хятадад экспортлох тухай юм. Боломж байгааг ойлголцсон, одоо ажил хэрэг болгох талаар ярилцмаар байна. Зээлийг үр дүнтэй ашиглах тухай та хэллээ. Энэ бас их чухал асуудал. Гэхдээ хоёр талын ашиг сонирхлыг харгалзах хэрэгтэй. Ялангуяа үнийн асуудлыг. Манай бүтээгдэхүүн ч дэлхийн зах зээлийн үнээр гарах ёстой. Хуулийг хүндэтгэх асуудал байна. Хятад улс авлига, албан тушаалын асуудалд их анхаарч байгаа гэж бодож байна. Монгол Улс ч мөн анхаарч байгаа. Энэ чиглэлд хоёр тал харилцан хууль дүрмээ хүндэтгэн ажиллах хэрэгтэй байна” гэв.
Ноён У Банго үдээс хойш нь Хятадын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын албан ёсны нээлтэд оролцсон юм. Уг ажиллагаанд Хятадын банкны ерөнхийлөгч Ли Ли Хуй, Монголбанкны Ерөнхийлөгч Г.Золжаргал, УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан болон албаны бусад хүн оролцов. Хятадын Төрийн мэдлийн дөрвөн банкны нэг болох Bank of China нь дэлхийн шилдэг банкуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Тус банк Монголд салбараа нээх хүсэлтээ жилийн өмнө Монголбанкинд гаргажээ. Манай улсад Хятадын хөрөнгө оруулалттай 6000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг юм. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа жилээс жилд өсч байгаа энэ үед Хятадын банкны төлөөлөгчийн газар нээгдэж буй нь цаашид тус улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монгол дахь компаниудын зардлыг бууруулах зэрэгт онцгой ач холбогдолтой болохыг ноён Ли Ли Хуй онцоллоо. Ноён У Банго төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд амжилт хүсэв. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Банго дээрх үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Дуурь бүжгийн эрдмийн театрт Хүндэтгэлийн тоглолт үзлээ. Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн ноён У Бангогийн албан ёсны айлчлал ийнхүү өндөрлөж байна. Тэрбээр өнөөдөр нутаг буцна.
Р.ОЮУНЦЭЦЭГ