Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг эрүүл мэндийн салбарт дорвитой шинэчлэл хийхээр өнгөрсөн долоо хоногийн турш амралтын өдрүүдийг үл харгалзан эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэгэхдээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг өрхийн эмнэлгээс эхлээд, хоёр дахь шатлалын эмнэлэг болох дүүргийн эрүүл мэндийн нэгдлээр орж, болохгүй, бүтэхгүй, шийдвэрлэх асуудал юу байгааг шуудхан асуугаад явсан.
Мөн Яаралтай тусламжийн төв, клиникийн эмнэлгүүдийн төлөөлөл болгож Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөр орлоо. Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарынхантай тулж ажиллаад, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг шинэ шатанд гаргах зо рилго тавьснаа явсан газар бүртээ хэлж байв.
Өрхийн эмнэлгийнхэн ачаалал ихтэй, эмч мэргэжилтнүүдийн цалин хангамж муу, мэргэжлээрээ өсөн дэвжих бололцоо байхгүй гэж гэж байна. Тэгвэл хоёрдахь шатлалын тусламж үзүүлдэг дүүргийн эмнэлгийнхэн мөн л ачаалал ихтэй, эмнэлгийн санхүүжилт хүрэлцээгүй байдгийг дурдав. Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгджээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээр 2005 онд 143 мянган хүн үйлчлүүлсэн бол одоо энэ тоо 181 мянгад хүрчээ. ЭХЭМҮТ-д үйлчлүүлэгчдийн тоо 2008 оныхоос 5000-аар, төрөлт мөн үеийнхээс 3000-аар нэмэгдсэн байна.
Ачаалал ийн нэмэгдсэн ч ажиллах хүчний тоо хэвээрээ. Эх, нялхсын эмнэлэгт тулгамдсан олон асуудал байгааг захирал нь тоймлон танилцуулав. Нэгдүгээрт, эмчилгээ оношлогооны чадавхийг сайжруулах технологийн шинэчлэл хийх хэрэгтэй. Италийн төслөөр 180 нэр төрлийн, 540 тоног төхөөрөмжийг суурилуулах тухай асуудал 2008 онд УИХ-аар батлагдсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсоор өнөөг хүрсэн. Төвийн хэмжээнд ганцхан байдаг рентген оношлогооны аппарат нь хуучирснаас зогсоход ойрхон болсон. Эмнэлгийн барилга 1987 онд ашиглалтад орсноос хойш нэг ч удаа их засвар хийгээгүй.
Эх, барих эмэгтэйчүүдийн эмнэлэг нь ачаалал ихтэйгээс бүрэн хэмжээний ариутгал хийх боломжгүй байдаг. Эмнэлгийн дотоод халдвар гарахад бэлэн болсныг дуулгав. Бэрхшээлээ тоочихын хажуугаар эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хэрэг болох бодлогын шинжтэй хэд хэдэн санал хэлснийг Ерөнхий сайд олзуурхан хүлээж авна лээ. Саналууд нь, Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдсан хөрөнгөний 40-44 хувь нь үлддэг. Энэ нөөц эх үүсвэрийг эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулж болно. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг тодорхой төлбөртэй болгох нь нэг талаас ир гэдийг эрүүл мэндийн боловсролд сургах, эрүүл мэндээ хамгаалахад хариуцлагатай ханд даг болно гэсэн санааг олон хүн гаргаж байв. Иргэд эрүүл мэндээ тоохгүй явсаар өвдчихөөд, эцэст нь эрүүл мэндээ эмнэлэгт даатгаад хэвтдэг. Улсын эмнэлэг үнэ төлбөргүй үйлчилдэг учир ийм байдал хавтгайрсныг Сүхбаатар дүүргийн эмнэлэг, Гэмтэл, эх нялхсын эмнэлгийн эмч нар ч хэлж байна.
Өвчлөхөөс сэргийлдэг, эрүүл мэнддээ хариуцлагатай ханддаг, өвдсөн тохиолдолд төлбөр авах зэргээр эрүүл мэнд үнэ цэнэтэйг иргэдэд ойлгуулах цаг болсон гэж байв. Тэгвэл эмч нар иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл амьдралын хэв маягт сургах чиглэлээр зөвлөгөө өгөх хэрэгтэйг Ерөнхий сайд санууллаа. Түүнээс гадна өвчтөнийг эмнэлэгт гурав хоногоос дээш хугацаагаар хэвтүүлж байж тэр хүний эмчилгээний мөнгө Эрүүл мэндийн даатгалаас эмнэлэгт ордог тогтолцоотой. Тиймээс даатгалаас мөнгөө авахын тулд нэг, хоёр хоноод гарах бололцоотой хүнийг ч заавал гурав хоног хэвтүүлдэг. Энэ нь орны тоог шаардлагагүйгээр бөглөж байгааг Улсын нэгдүгээр эмнэлгийнхэн хэлсэн бол ЭХЭМҮТ-д ч ийм бэрхшээл гардаг аж. Хүүхэд эмчилгээ авахдаа түргэн, хурдан эдгэрдэг тул эмнэлэгт цөөхөн хоног хэвтдэг. Гэтэл даатгалаас мөнгөө авахын тулд гурав хоногийг нь гүйцээх гэсээр байтал хүүхэд нэмж эмнэлгийн дотоод халдвар авах эрсдэл өндөр байдгийг хүүхдийн эмч нар хэлсэн. Энэ гажуудлыг залруулах хэрэгтэй хэмээн Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайд Н.Удвалд үүрэг өгсөн. Үүний дагуу асуудал хариуцсан гурван сайдын хамтарсан тушаал даруйхан гаргахаар боллоо. Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлыг түргэн шуурхай шийдэхийг Ерөнхий сайд эрмэлзэж байна.
ЭХЭМҮТ-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэх болсонтой холбогдуулан Ерөнхий сайд, ямар ямар тоног төхөөрөмж авахад хэдий хэмжээний санхүүжилт хэрэгтэй байгаагаа гарга. Төсөв хөрөнгийг нь шийдээд өгье. Манай улс 5-6 тэрбум төгрөг, 5-10 сая ам.долларын асуудалд гадаадын төсөл хөтөлбөр харахаа больсон шүү дээ гэв. Эх, барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал С.Хишгээ улсын хэмжээнд эх, нялхсын эмч хангалттай тоогоор бэлтгэж байгаа ч ажил нь хүнд, ачаалал ихтэй учир мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй боллоо. Эсвэл манайд мэр гэжлээрээ арваад жил ажиллаж дадлагажаад, хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэг байгуулаад явчихаж байна гэж хэлээд эмч, сувилагчдын цалин хангамжийг нэмэгдүүлж өгөхийг хүсэв. Гэмтэл, согог, судлалын үндэсний төвд өнгөрсөн сарын эхний 10 хоногт хальтирч унаснаас хөлөө хугалсан 1500 хүн иржээ. Үүнийг цасаа арилгадаггүй, мөн албан байгууллагууд гадаах талбайгаа гөлгөр гадаргуутай чулуун хавтангаар өнгөлөх болсонтой холбон тайлбарлаж байна. Тиймээс энэ чиглэлээр Эрүүл мэндийн сайдыг Нийслэлийн Засаг даргатай хамтарч ажиллахыг үүрэгдлээ. Тус төвөөр өнгөрсөн онд 77 мянган хүн үйлчлүүлсний 60 хувь нь гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж авах шаардлагагүй, өрхийн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлэгтээ үзүүлж болох хүмүүс байжээ.
Иймд өрхийн, дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатайг гэмтлийн эмч нар хэлж байлаа. Гэмтлийн эмнэлгийн хашааг бүслэн орон сууцны барилгууд баригдсан нь орж, гарахад хүндрэл үүсгэх болсон. Мөн хашаан дотор нь хувийн эмнэлэг газар авснаас түргэний машины хаалгыг бөглөснийг тус эмнэлгийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баттөгс танилцууллаа. Үүнийг газар дээр нь шийдвэрлэхээр Ерөнхий сайд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоог дуудаж, “Газрыг нь эмнэлгийн мэдэлд түргэн шуурхай шилжүүлж өгөөрэй” хэмээн үүрэг болгов. Клиникийн эмнэлгүүд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх тогтолцоотой ч иргэд өрх, дүүргийн эмнэлгээ алгасан гурав дахь шатлалын эмнэлэгт хандаж, ачаалал үүсгэдэг.
Эрүүл мэндийн салбарын нэг, хоёрдугаар шатлал нь холилдоод, гурав дахь шатлал байхгүй болов. Эрүүл мэндийн салбар эмх замбараагаа алдлаа. Үүнээс болж манай улсын гурав дахь шатлалын нарийн мэргэжлийн тусламжийг Тайланд, Солонгос, Сингапур, Бээжинд үзүүлж байна. Эмнэлгийн тусламж авахаар гадаад руу явах урсгалыг бууруулахын тулд дорвитой арга хэмжээ авна. Эрүүл мэндийн салбарт засаж, залруулах зүйл их байна. Эмнэлгүүдийн бодит байдалтай танилцлаа.Одоо Эрүүл мэндийн сайд, дэд сайдууд, яамны газрын дарга нартай сууж, эрүүл мэндийн салбарт дорвитой шинэчлэл хийх хэд хэдэн шийдвэр гаргана гэдгээ мэдэгдлээ. Энэ бүхний эцэст иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг бүх шатанд шуурхай, чанартай болгох зорилго нь биелнэ гэж үзэж байна.
Э.ЭНХ