Үндэсний номын сангийн зүүн талын гурван давхрын шатны дээд хэсэгт ил гарсан цахилгааны утас гэмтсэнээс өчигдөр 15.30 цагийн үед гал гарчээ. Биднийг 16.30 цагийн үед очиход нийслэлийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчид галыг бүрэн унтраагаад байсан бөгөөд шинжээчид шалтгааныг нь тогтоохоор ажиллаж байлаа. Үндэсний номын сангийн цахилгааны холболт олон жилийн эдэлгээнээс болоод үе үе утас нь халдаг тул холбогдох яамнаас мөнгө төсөвлөж, оны өмнөөс бүрэн засвар хийж эхэлжээ. “Цахилгаан авахаар татсан утаснаас болж гал гарсан байх” гэж урсгал засвар хийж буй засварчид таамаглаж байгаа.
Өрнө дахины номын фонд гал гарсан хэсэгт ойрхон байсан бөгөөд хэрэв жаахан л хугацаа алдсан бол орос номнууд бүхэлдээ шатах аюултай байжээ. Гал гарсан газарт камер байрлуулсан тул камерийн бичлэгийг шүүж галын шалтгааныг тогтоох юм байна. Үндэсний номын сангийн захирал Х.Чилаажав “Үндэсний номын сангийн барилга хуучирч, олон жилийг элээсэн цахилгаан, сантехникийн шугам байнга асуудал үүсгэдэг. Үүний нэг жишээ бол энэ. Бид энэ асуудлыг бүх шатны холбогдох байгууллагад анхааруулж хэлдэг ч төдийлэн арга хэмжээ авдаггүй. Харин өнөө жил шинэ барилгын ажил эхлэхээр болсон.
Барилгын ажлыг цаг хугацаанд нь эхлүүлж, хурдан шуурхай барьж ашиглалтад оруулах шаардлагатай байна. Үнэтэй, ховор ном, судрыг аюулгүй орчинд хадгалж, хамгаалахгүй бол өнөөдрийнх шиг гал гарвал ямар хэмжээний аюул учирч болох нь харагдаж байна” гэв.
Б.Бямба