Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн АН-ын хорооныхон үүсээд байсан маргаанаа нэг тийш нь цэгцэлжээ. МоАХ, “Алтангадас” фракц хооронд үүссэн тамга, тэмдэг, даргын суудал тойрсон асуудлыг ээлжит бус хурлаар шийдсэн байна. Гишүүдийнхээ гаргасан хүсэлтийн дагуу дүүргийн намын дарга Л.Эрхэмбаяр эл хурлыг зарласан аж. Үүнд саналын эрхтэй 99 гиш үүний 56 нь оролцжээ. Улмаар Л.Эрхэмбаяр уг албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, гишүүдийн саналаар дэмжсэн юм байна.
Өмнө нь “Алтангадас” фракцын гишүүд нь хуралдаад түүнийг нэгэнтээ огцруулсан билээ. Гэхдээ уг хуралдааны ирц хүрээгүй учраас хууль бус гэж үзэж байсан учраас бүгдийг нь “номын дагуу” хийсэн нь энэ юм байна. Л.Эрхэмбаярын оронд Т.Болдбаатар, М.Чинболд нарын нэрийг дэвшүүлсэн ч Т.Болдбаатар нь нэрээ татжээ. Ингээд 98.2 хувийн саналаар М.Чинболдыг Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар сонгосон байна.
Мөн ээлжит бус хурлаар намын дэд дарга нараа сонгожээ. Тус намын дүрмээр дарга нь хүмүүсээ санал болгодог аж. Тиймээс Б.Хосбаяр, П.Галиндэв, Ш.Одгэрэл, н.Бямбажав, Ч.Бэлэгсайхан нарыг дэд даргаар, Хэрэг эрхлэх газрын даргаар Д.Алтантуяаг батламжилсан байна.
С.УУЛ