“Өглөө сайхан мэдээ сонслоо. Хүү маань докторын зэрэг хамгаалжээ. Эмийн хими судалж байна л гээд байсан...” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр “Tвиттер”-тээ бичжээ. Хувийн мэдээллээ “Твиттер”-тээ тэр бүр оруулаад байдаггүй эрхэм Ерөнхийлөгч анх удаа аав хүний хувьд “жиргэсэн” нь энэ.
Түүний том хүү Э.Оргил АНУ-ын Виржиниагийн их сургуулийн Эм зүйн сургуульд Эмийн хими судлалын докторантурт суралцаж байсан бөгөөд саяхан “G портейн болон GRP55 молекулын хосолмол дахь гурван талт бүтцийн судлал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан байна. Э.Оргилын дээрх судалгааны өгүүлэл нь www.sciencedirect. com цахим хуудаст тавигджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Украины Львовт оюутан байхад нь мэндэлж, аав болгосон Э.Оргил ийнхүү 27 насандаа Эмийн химийн доктор боллоо. Тэрбээр удахгүй эх орондоо ирэх бөгөөд Монголдоо ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн Ц.Элбэгдорж “Эмийн химийн докторыг ажиллуулах газар байвал хэлээрэй” гэж жиргээч нөхдөөсөө аминчлан хүсчээ.
Т.ЖИГҮҮР