“Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурал өнгөрсөн лхагва гаригт товлосон ёсоор болж, манай талаас Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар оролцсон юм. Хаалттай болсон уг хуралдаанаар хоёр тал ямар байр суурь илэрхийлсэн талаар Засгийн газрын дээрх гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Манай зүгээс “Оюутолгой” компанийнханд тавих шаардлага, хэлэлцэх асуудлаа нэгтгэсэн байсан тул түүнийхээ дагуу байр сууриа илэрхийлсэн.
Харин “Рио Тинто” компани өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулган дээр Засгийн газраас хийсэн нээлттэй мэдээлэлд нэлээд эмзэглэснээ илэрхийлж, тус компанийн үйл ажиллагааг олон нийтэд буруу ойлгуулсныхаа төлөө Засгийн газар уучлалт хүссэн захидал хүргүүлэх хэрэгтэй гэсэн гэнэ. Түүнээс гадна манай Засгийн газар урьдчилгаа төлбөр болгон зээлсэн 250 сая ам.долларыг татварын орлогоос суутган тооцохоор тохирсон нь ажил хэрэг болоогүйг сануулаад уг мөнгийг 2012 оноос татварын орлогоос суутгаж тооцно гэдгээ мэдэгджээ. Гэрээнд уг мөнгийг төлж эхлэх, дуусгах хугацааг тодорхой заасан.
Харин жилд хэдий хэмжээний зээл суутган тооцохоо тусгаагүй бөгөөд суутган тооцох мөнгөний хэмжээг жил бүр талууд тохиролцож, Сангийн яам баталгаажуулснаар хэрэгжүүлэхээр заажээ. Энэ дагуу манай талаас тооцоогоо нийлж, хэмжээгээ тогтоох хүсэлтийг Сангийн яамнаас “Оюутолгой”-д удаа дараа тавьсан ч өмнөх Засгийн газрын үед нэг ч удаа тооцоо нийлээгүй гэнэ. Тиймээс манай улсын хуулийн дагуу төсөвт тусгаж, УИХ-аар батлуулаагүй нь 2014 оноос төлж эхлэхээс өөр аргагүйд хүргэснийг Засгийн газрын гишүүд тайлбарлажээ. Түүнчлэн төлөөгүй татвараа өрөндөө суутгах хууль эрх зүйн боломжгүйг ч ойлгуулсан гэнэ. “Рио Тинто”-гийнхны санааг дараагийн хөрөнгө оруулалт зовоож байгаа гэнэ.
Төслийн ТЭЗҮ-д бүтээгдэхүүнээ гарган авч, борлуулах явцын ашгаас дараагийн хөрөнгө оруулалтыг хийхээр тусгасанд энэ нь хугацаа алдахад хүргэж байна хэмээн үзэж буйгаа хэлжээ. Эхний хөрөнгө оруулалтыг хэтрүүлсэн асуудлыг шийдвэрлэсний дараа дараагийн хөрөнгө оруулалтыг ярих байр суурьтай байгаагаа манай гишүүд хэлжээ. Харин уулзалтын явцад “Оюутолгой”-г хариуцсан “Рио Тинто”-гийн менежерүүд гэрээгээ ч бүрэн судлаагүй, ТЭЗҮ-гээ ч, хуулиа ч мэдэхгүй байсныг Д.Ганхуяг сайд хэлсэн. Тийм байж болохгүй гэсэн шаардлага тавьснаа мөн дурдав. Хувь нийлүүлэгчид ийнхүү өөрсдийн байр сууриа илэрхийлж, ямартай ч цаашид хамтран ажиллах тал дээр санал нийлсэн байна. Манай Засгийн газрын зүгээс хууль ёсны хүрээнд, гэрээний заалтуудыг хэрэгжүүлж ажиллахыг шаарджээ. Хувь нийлүүлэгчдийн хурлыг энэ сарын сүүлчээр үргэлжлүүлэн хийх юм байна.
Р .Оюунцэцэг