Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнгөрсөн мягмар гаригт өөрийн твиттер хуудсанд “Эх орныхоо төлөө дуу хоолойгоо хандивлах хүн байна уу. Аялал жуулчлалын рекламанд дөрвөн үг англиар хэлэх үнэн гоё хоолойтой хүн байвал маргааш 10 цагаас өмнө 8811... рүү залгана уу” гэж бичжээ. “IBT Берлин-2013” аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд зориулсан шторкны дуу хоолой хайж буй сайдын яаруу давчуу зарыг уншаад жиргээчид янз бүрийн санал хэлсний дотор “Bloomberg”-ийн сэтгүүлч О.Дөлгөөний нэрийг хамгийн их онцолсон байв. Гэвч тэр телевиздээ хатуу чанд гэрээтэй учраас дуу хоолойг нь ашиглах боломжгүй гэдгийг сайд учирлажээ. Аргаа барсан зарим нь бүр “Та өөрөө хэлчихэж болдоггүй юм уу” гэж хүртэл зөвлөсөн байх юм. Гэтэл “Айлаас эрэхээр авдраа уудал” гэгчээр сайдын эрж сураад байсан хүн өөрийнх нь яаманд байжээ. “Go nomadic. Experience Mongolia” буюу “Монголд ирж нүүдэлчин шиг бай л даа” гэсэн үг өдгөө тус яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Баясгалан хэмээх залуугийн хоолойгоор Берлиний үзэсгэлэнд Монголыг сурталчилж буй.