Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө амар мэндээ эрэн золгов. Тэд Төрийн есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, ирж буй жилийн өнгийг тольдон ярилцсан.
Ингээд уламжлал ёсоор Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, Төр түмэндээ өргөх айлтгал магтаалыг аялгуулав. Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд морилж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай золголоо.
Өмнө нь Төрийн гурван өндөрлөг тус бүртээ нийслэлийн хамгийн өндөр настай иргэнийд зочилж, дараа нь Төрийнхөө ордонд УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд нартай золгодог байсан билээ. Тэгвэл 2010 оноос Төрийн золголт илүү авсаархан болж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хамгийн ахмад настай есөн буурлыг Төрийн ордонд урьж, золгодог болсон юм. Энэ ёсоор өндөр насыг зооглож буй есөн ахмадыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүндэтгэн хүлээн авч, амар мэндийг нь айлтган золгов.
Энэ жилийн Төрийн золголтод Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин С.Бүтэмж, Өвөрхангай аймгийн Уянга сумын эмнэлэгт сувилагч хийж байсан Д.Тоймоо, Гандантэгчинлэн хийдийн гүн ухааны “Дашжамбал” дацанд шавилан сууж, одоог хүртэл хурал удирдах дархан умзадаар ажиллаж байгаа Л.Ишжамц, ахмад дайчин П.Норжин, БНМАУ-ыг төлөөлөн ЗСБНХУ-д Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Адъяа, эрүүл мэндийн салбарын ахмад ажилтан Л.Бүзмаа, өндөр настан Н.Арвага, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан Я.Нямаа, оёдолчин В.Дэнсмаа нарын буурал оролцлоо. Эдгээр азай буурлаас хамгийн ахмад нь өдгөө 106 насыг зооглож буй С.Бүтэмж гуай. бөгөөд Төрийн золголтод оролцож байсан ахмадуудаас хамгийн өндөр настай нь аж.
Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт ард түмэндээ хандан үг хэлсэн юм. Тэрбээр “Арвандолдугаар жарны “Тийн ялгуусан” хэмээх харагчин усан могой жилийн сар шинийн энэ баярын өдөр нийт ард иргэндээ бүгдэд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Цаг их сайхан наашилж, буян заяа тэгширч байна. Төрийн өргөөндөө ахмадуудтайгаа золгож, бүх ёс төрөө үйлдлээ. Өвгөд, хөгшдөө нялхас мэт асран тэтгэж, хүүхэд нялхсаа өвгөд, хөгшид мэт дээдлэн дэмжиж явахыг нийт ард иргэндээ хүсэн ерөөе. Гарч байгаа усан могой жил Монголын ард түмэнд буян заяагаа өгч, улс орны маань хөгжил дэвшил улам өөдрөг байхыг хүсэн ерөөе” гэлээ.
Харин УИХ-ын дарга З.Энхболд Төрийн тэргүүний хэлсэн урт ерөөлийн араас “Сая Ерөнхийлөгч ихэнхийг нь хэлчихлээ дээ, та бүхэн минь сайхан шинэлээрэй” гэсэн товчхон үг дайв. Тэгвэл Ерөнхий сайд хамгийн ажил хэрэгч ерөөл өргөсөн. Тэрбээр “Луу жил Монголын маань ард түмэнд ээл ивээлтэй жил байлаа. Шинэчлэлийн Засгийн газар усан могой жилд улсынхаа хөгжлийг урагшлуулахын төлөө хичээн ажиллах болно. Түмэн олон маань ч гэсэн эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж, төр түмэн хамтын хүчээ нэгтгэе. Цагаан сар бол ахас ихсээ хүндэтгэдэг ураг төрлийн дээд баяр. Энэ баяраар монгол түмэн минь нэгэн нас нэмлээ гэж, хахир өвлийг мэнд давж, урин хавартай энх золголоо гэж ураг төрлөөрөө цугларч, ирэх сайхныг зөгнөн ярилцдаг. Цагаан сэтгэлт зон олон минь цагаан идээгээ дээжлэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээн ерөөлөө.
С.УУЛ