Шинэ УИХ-ын анхны чуулган завсарлаж, Төрийн ордон чимээгүй дүнсийх өдрүүд эхлэв. Улирч одсон намрын чуулганы өнгө төрх, онцлогийг сонжиж үзлээ. УИХ шинээр байгуулагдсаны дараа сонгуулийн маргаан тойрсон гомдол, санал нэг хэсэгтээ л үргэлжилдэг нь манайд бараг уламжлал болсон. Сонгогдсон 76 хүн Анхдугаар чуулганаар ирц бүрэн тангараг өргөсөн түүх ховор. Тийм ч учраас УИХ элэг бүтэн бололгүй анхны чуулганыг дуусгасныг ойлгож болно. Гэхдээ түүхэнд үлдэх нэгэн сонирхолтой явдал, тэмцэх арга барилд туршлага нэмэх суулт энэ цаг үед болсон байх юм. Уг явдлын учиг сонгуулийн “синдром”-оос эхтэй. УИХ эдүгээ 74 гишүүнтэй. Өвөрхангай аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс тус бүр нэг гишүүн дутуу байгаа юм. Сонгинохайрхан дүүрэгт АН, МАН-аас өрсөлдсөн хоёр эрхэм 28 хувийн босго даваагүйн улмаас Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлэн дахин санал хураахаар зэхэж буй. Ганцхан тойргийн дахин санал хураалтыг дангаар явуулбал ирц хүрэхгүй учраас ийнхүү азнаж байна. АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр нэг хэсэг шүүхээр яваад эцэст нь түүний гомдлыг хэрэгсэхгүй болгосон учир одоо тэнд санал хураагаад л асуудлаа шийдчихнэ.

Харин Өвөрхангай асуудалтай байна. Монголын хамгийн ууган, олон жилийн түүхтэй МАН-ын олон лидерийг Төрийн ордонд суулт хийлгэж дөнгөсөн тэр шалтгаан нь Өвөрхангай байлаа. Тус тойрогт МАН-ын хоёр нэр дэвшигч саналын илүүгээр ялж, УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авчихсан байв. Гэвч С.Чинзориг сурталчилгаандаа 18 нас хүрээгүй хүүхэд оролцуулсныг хуулийн байгууллага тогтоосноор асуудал эхэлсэн. АН-ынхан, эсвэл МАН-ынхан ялсан тухай элдэв мэдээлэл хөврөв. Эцэст нь МАН-ын хоёр хууль зөрчсөн учир нэрийг татаж, дараагийн хоёр хүний нэрийг СЕХ-ноос Ерөнхийлөгчид айлтгасан юм. Энэ явдал УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан том улстөрчдийг чуулганы танхимыг буйдангаар таглаж, лоозон барин суулт хийхэд хүргэсэн нь яах аргагүй олны чихийг сортойлгож, нүдийг бүлтийлгэсэн содон үйл явдал байв. Өнөөх л Ж.Батзандан, О.Магнай, С.Ганбаатар, Г.Уянга, эсвэл Л.Гүндалай нарыг иймэрхүү дүр төрхтэйгээр харж дассан ард түмний нүдэнд Ц.Нямдорж, М.Энхболд, Д.Дэмбэрэл тэргүүтэн “тэмцэгчийн” дүрээр бууж өгөхгүй хэцүүхэн байсан.
Чуулганы үүдийг хэд хоног таглаж, УИХ хууль батлах ажлаа хийж чадалгүй гацсан юм. Ийм “сүрт” эсэргүүцэл хийсэн нь АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нарын тангаргийг өргүүлэхгүй, ардчиллыг булшилсан хэрэг болно хэмээн үзсэнийх. Гэтэл хэдхэн хоногийн дараа улс төрийн зөвшилцөл гэж юу байдгийг олон нийт үзэв. Эсэргүүцээд байсан Г.Батхүү нь тангаргаа өргөж, МАН-ынхан чуулганы хаалгыг цэлийтэл нээж өгсөн. “Өвөрхангайн хоёр мандатыг нэг нэгээр нь” гэсэн тохиролцоо хийсэн тухай тухайн үедээ шуугисан юм. Хэл амыг мартагнуулж байгаад үлдсэн нэг мандатад МАН-ын С.Чинзоригийг оруулах тохиролцоо байсан аж. Тэгэхээр хаврын чуулганаар энэ эрхэм тангаргаа өргөх биз. Улс төрийн салхи буруу эргэчихгүй бол шүү дээ.
АН СЭТГЭЛ ХАНГАЛУУН, МАН ГОНСГОР ҮЛДЭВ
Намрын чуулган өөр нэг дуулиан нь МАН бүлэгтэй болох эсэх асуудал байв. Анхдугаар чуулганы эхний өдөр эв найртайгаар орж ирсэн эрхмүүд насаар ахмад Д.Дэмбэрэл гишүүнээр хурал удирдуулахаар сонгосноор энэ явдал эхэлсэн юм. Д.Дэмбэрэл гишүүн намынхаа шахаанд орж, Анхдугаар чуулганыг даргалахгүй бойкотлож, нөгөөдүүл нь хэдэн өдөр хүлээснийг уншигчид санаж буй. Эцэст нь “Тухайн хуралдаанд ирсэн гишүүдийн хамгийн ахмад нь хурал удирдана” хэмээн хуулийг ойлгож, Л.Цог энэ үүргийг гүйцэтгэж, З.Энхболдыг даргаар сонгосон. МАН-ынхан түүнийг дэмжээгүй учир Бүлэг байгуулсан тухай бичгээ өгөөгүй. Ингээд намрын чуулганы гуравны хоёрт тус нам УИХ-д албан ёсны бүлэггүй байхад хүрэв. “Сонгогчдын 40 хувийн төлөөлөл шүү дээ, арай ч дээ” хэмээн МАН-ынхан бухимдана, гомдоно.
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг тэднийг “өрөвдсөн” гуравдагч намын гишүүдээс өргөн барьсан ч олонх эс хэлэлцэв. Цөөнх болж үзээгүй, тэнгэр дээрээс унасан МАН-ынхынг АН-ынхан нэлээд удаан чангалсан. Ажлын хэсэг гаргаад зөвшилцд өггүй, сүүлдээ Ерөнхийлөгч дээрх төслийг өргөн барьж байж нэг юм баталсан. Гэвч Байнгын хорооны бүрэлдэхүүнийг нэмэх замаар МАНын нэг гишүүний харьяалагдах хорооны тоог нэмэх асуудлыг энэ чуулган шийдэлгүй үлдээв. Үүнд МАН-ынхан гомдож байгаа юм. “Цөөнхөө хүндэтгэдэггүй, ардчиллыг уландаа гишгэсэн чуулган боллоо” хэмээн тэд намрын чуулганыг дүгнэсэн. Одоогоор МАН-ын нэг гишүүн нэг, олонхийг бүрдүүлэгчид гурав хүртэлх Байнгын хорооны гишүүн байгаа билээ.
Анхдугаар чуулганыг МАН-ынхныг хэсэг чангалж, тэдэнгүйгээр асуудлаа үргэлжлүүлэхээр хуулиудад гал унтраах өөрчлөлт оруулсан, Өвөрхангайн нэг тойргоо авсан гээд АН-ынхны хувьд бол сэтгэл хангалуун сууж байна. Шинээр байгуулагдсан УИХ-д цөөнхийн хувиар МАН гомдоллогч, олонх дарангуйлагчийн дүрээр харагдав. Дээрх хоёр гол маргаан ажлыг үе үе гацааж байсан ч энэ чуулганаар бие даасан 16 хууль батлан 70 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Шүүхийн тухай Ерөнхийлөгчийн санаачилсан багц хуулийг гараас гаргаж, Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ-ын сонгуулийн хуультай ижилсүүлсэн, Боловсролын тухай багц хуулийг баталсан гээд хийсэн ажил бас бий.
С.ТУУЛ