УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ. Уг чуулганаар нэр зааж 13 асуудал хэлэлцэх юм байна. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн намрын чуулганыг хаасны дараа “УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг энэ удаа баталсангүй. Тиймээс хаврын чуулганы хамгийн эхэнд хэлэлцэн баталж өгнө үү” хэмээн хүссэн юм. Гэвч тэдний хүсэлт талаар болж буй бололтой.
Байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг 21 хүртэл нэмэх замаар МАН-ын нэг гишүүнийг 2-3 хороонд харьяалалтай болгохоор дээрх төсөлд зохицуулсан билээ. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын нэр заасан хэсэгт дээрх хуулийн төсөл багтсангүй. Тиймээс “бусад” гэсэн ангиллаар хэлэлцүүлэх бололтой.
УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт:
Монгол Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:
1. “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
2. Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
3. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
4. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
5. “Улсын төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6. Газрын тухай хуулийн төсөл (Шинэчилсэн найруулга);
7. Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл (Шинэчилсэн найруулга);
8. Газрын кадастрын тухай хуулийн төсөл (Шинэчилсэн найруулга);
9. Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
10. Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төсөл;
11. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл (Шинэчилсэн найруулга);
12. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
13. Баянмонгол “Эрдэнэс Монгол” компанийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
14. Бусад