УИХ-ын Төсвийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд ямар ажил хийснийг дарга Ц.Даваасүрэн нь өчигдөр сэтгүүлчдэд танилцуулав. Тус байнгын хороо 17 удаа хуралдаж давхардсан тоогоор 58 асуудал хэлэлцсэнээс 42 нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл аж. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслийг “нугалсан” гол Байнгын хороо нь Төсөв. Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн нийт орлого 7.088.3 тэрбум, зарлага өргөн барьсан төслөөс 4.6 тэрбум төгрөгөөр буурч 7.444.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцсэн нь Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хууль болон төсвийн шаардлагуудыг хангасан аж. Мөн УИХ-ын намрын чуулганаар Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталснаар 0-18 насны хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөг олгохоор тогтож 999.8 мянган хүүхэд хамрагдах боломжтой болжээ. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг Байнгын хорооны дарга бас онцлов. Ийм хуультай болсноор татвар төлөгчид мэргэшсэн зөвлөх үйлчилгээ авах, эрх зүйн шинэ орчин бий болж татвар төлөгчид учирдаг татварын эрсдэл багасч хууль тогтоомжийн дагуу татвараа өөрөө тодорхойлж улс орны төсөв санхүүгийн байдалд эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдсэн байна. Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалын татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар бизнес эрхлэгчдээс гаалийн мэдүүлгийн хамт бүрдүүлэх 10 төрлийн бичиг баримтыг дөрөв болгож бууруулжээ.