“Хөдөлмөрийн хууль огт үйлчилдэггүй хэсэг бүлэг хүнийг УИХ-ын гишүүд гэнэ” гээд тодорхойлчихвол нэг их буруудахгүй байх. Гишүүд УИХ-ын дарга руу мессеж шидчихээд хувийн ажлаа амжуулаад явахад үнэн, худлыг нь нотолж, татаж, чангаах хүнгүй, зарим нь чөлөөт цагаараа төрийн энэ том ажлыг амжуулдаг гэлтэй л санагддаг. Гэхдээ ангийн нөхдийнхөө энэ хэт назгай байдалд санаа зовдог, хариуцлагатай гишүүд ч бас бий аж. Гишүүн Н.Батчимэг твиттер хуудсаар дамжуулан энэ тухай жиргэжээ. Тэрбээр “Гишүүдийн ирцийг Ёс зүйн дүрэмд оруулж, хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан, хоцорсон хүний тухай олон нийтэд байнга мэдээлдэг болмоор байна” гэсэн байна. Хэрэв түүний энэ санаачилга биеллээ олбол гишүүд эрхбиш ичиж, ажилдаа санаа тавьдаг болох биз ээ.