“Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн Төрийн золголтын үеэр ийм явдал болсон юм. Хамгийн ахмад настай, салбар салбартаа амжилт гаргаж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан буянт есөн буурлыг төлөөлөл болгон Төрийн ордонд урьж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар золгодог уламжлалтай. Энэ жилийн зочин буурлуудын нэг болох Гандантэгчэнлин хийдийн гүн ухааны “Дашжамбал” дацанд шавилан сууж, одоог хүртэл хурал удирдах дархан унзадаар ажиллаж байгаа Л.Ишжамц гуай билэгт сайн өдөр Төрийнхөө ордонд Ерөнхийлөгчтэйгээ золгох гэж ихэд бэлгэшээн ирсэн байлаа. Төрийн гурван өндөрлөг ахмадуудтай ээлжлээд л золгов. Ерөнхийлөгч Л.Ишжамц гуайтай золгохоор ирэхэд 99 насыг зооглоод буй буурал маань “Үгүй ээ, хүү минь би Ерөнхийлөгчтэй золгох гээд байна” гэв. Зорьж ирсэн Төрийн тэргүүн өмнө нь зогсож байгааг буурай мэдсэнгүй. Ерөнхийлөгч инээд алдаж, “Би Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байна аа” хэмээн өөрийгөө танилцуулж байгаад золгосон юм.