Олон улсын шатрын холбоо (ОУШХ)-ны ерөнхийлөгч Кирсан Николаевич Илюмжинов манай улсад айлчилж байна. Тэрбээр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатартай өчигдөр уулзан манай улсад болох олон улсын чанартай шатрын тэмцээнүүдэд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр 2014 онд Дэлхийн өндөр зэрэглэлтэй эмэгтэй шатарчдын Гран при буюу Их дуулгын сүүлийн шатны тэмцээнийг Монголд зохион байгуулахаар боллоо.
2014 оны наймдугаар сард Орхон аймагт болох Их дуулгын тэмцээнд ОУХМ Б.Мөнгөнтуул оролцох эрх авчээ. Уг тэмцээн нь 250 мянган еврогийн шагналын сантай бөгөөд бүх зардлыг ОУШХ-той хамтран ажилладаг ОХУ-ын “Кронимет” компани ивээн тэтгэх юм. Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар “Манай улс 2014 онд өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2015 онд өсвөрийн шатарчдын олимпиад зохион байгуулахаар боллоо. Мөн ОУШХ-ны зүгээс оюуны их олимп болох дэлхийн шатрын олимпиадын 2018 оны зохион байгуулагчийн эрхийг манай улсад ямар нэг шалгуургүйгээр олгосон явдалд баяртай байна” хэмээв.
ОУШХ-ны ерөнхийлөгч Илюмжинов 2009 онд манай улсад айлчлахдаа шатрын ордон байгуулах хөрөнгийг гаргахаар амласан. Гэвч газрын асуудлаас болж, одоо хүртэл шатрын ордон барих асуудал хойшилсоор байгаа аж. Уг нь нийслэлийн Газрын албанаас Яармагийн дэнжид газар олгосон ч ОУШХ-ныхон хотын төвөөс хэт зайдуу байна гэж үзжээ.
Уулзалтын үеэр Илюмжиновоос энэ талаар тодруулахад “ОХУын Санкт-Петербург хотын мэдэлд байдаг Ленин клубийн урд талбайд Шатрын ордон байгуулах талаар ОХУ-ын Элчин сайдын яамныхантай уулзаж, ярилцахаар болсон. Гэхдээ энэ асуудал шийдэгдэх эсэх нь тодорхойгүй байгаа” гэсэн юм.
Т.САЙНБУЯН