Ардын Намын ахмадууд цагаан сараар нойргүй шахам хонон, улс төрийн бодлого боловсруулжээ. Үр хүүхдүүдтэйгээ золгож дуусуут орон гэртээ тогтож түвдэлгүй нам руугаа идэвхийлэн гүйлдэж ирсний учир нь айсуй Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Дөрвөн сарын дараа болох Төрийн тэргүүний суудлын төлөөх өрсөлдөөнд хэрэв МАН ялагдвал улс орныг 90 жил удирдсан уугуул энхрий нам нь улс төрийн тавцнаас бүрмөсөн арчигдах аюул нүүрлэхийг хуучцуул урьдчилан хараад хүлцэн тэвчсэнгүй. Ахмад гишүүдийг төлөө лөн Г.Адъяа, Ц.Балхаажав, П.Дамдин, Л.Лантуу, Ш.Сүрэнжав нараас МАН-ын Удирдах зөвлөл, МАХН-ын Гүйцэтгэх тов чоонд өргөн барьж, МАН-ын дарга Ө.Энхтүвшинд гардуу лаад буй МАН, МАХН-ыг нэгт гэх уриалга басхүү МАХН-ын дарга Н.Энхбаярт мөн зориулагдсан. Ах нар нь “Дүү нар минь ээ, наад амбийцаа нэг жаахан дарж үз” гэж үнэн голоосоо учирлан гуйв.
“Ялагдахгүй эрхгүй” хэмээн Ө.Энхтүвшингийн онцлоод буй сонгуулийг Н.Энхбаяр ямар өнцгөөс харж, хэрхэн дүгнэж байгаа нь одоогоор тодорхойгүй боловч шоронд хоригдсон түүнд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг унагах сонирхол гарцаагүй бий. Хоёр намын эвслийн асуудлаар Н.Энхбаяртай нэг бус удаа биечлэн уулзаж ярилцсанаа Ө.Энхтүвшин мэдэгдсэн. Хэрэв уг уулзалт амжилтгүй болсон бол МАН-ын дарга МАХН-тай эвсэх асуудлаарх аливаа мэдээллийг ийн ил болгохгүй байсан биз ээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, МАХН эвсэж орох тохиролцоонд хоёр намын удирдлага хэдийнэ хүрсэн гэж ойлговол эндүүрэл болохгүй болов уу. МАХН-тай эргэж нэгдэх тухайд сонсохыг ч хүсдэггүй МАН-ын нөлөө бүхий гишүүд, жишээ нь Ц.Нямдорж чимээгүй байна. Ер нь МАН-ын фракцууд МАХН-даа хадаг тавих тал дээр санал нэгдсэн бололтой.
МАХН гэдэг их айл Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиас хойш өөр зуураа хэмлэлдэж, улс төрд өрх тусгаарлан үзэлцээд, адаг сүүлд нь УИХ-ын сонгуулиар хүчээ тарамдуулан сульдсаны эцэст МАН, МАХН дахин нэг бүлд багтах гарцаа эрэлхийллээ. Дүнд нь тэдний хагарал бутралын шалтаг байсан Ерөнхийлөгчийн сонгууль энэ удаа эвлэлдэн нэгдэхийн үүд болж цэлийсэн нь хувь заяаны шоглоом гэлтэй. Энэ улс төрд нөхөрлөл, мөс чанар, ичгүүр сонжуур гэх мэт энгийн хүний сэтгэлээр дэнслэн харах зүйл огт үгүй юм байна. Гээд бас хаячихвал Монголын улс төрийн ноён нурууг тодорхойлох ууган хүчин уруудан доройтохыг гишүүд нь хүлээн зөвшөөрч чадахгүй. МАН, МАХНыг уухайлан дэмждэг олон мянган иргэн уналтаас сэргэн мандлыг харуулдаж байгаа нь тодорхой. Улс төрд юу ч болж болдгийг ялангуяа өнгөрсөн дөрвөн жилд тохиосон үйл явдлууд монголчуудад хангалттай ойлгуулсан. Тиймээс МАН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэл болж орохыг үгүйсгэх аргагүй.
Ирэх сонгуульд ялахын төлөө нэгдэж чадвал хагарч бутарсан хоёр нам тоонот гэрт толгой нийлүүлэх зам нээлттэй болох боломжтой юм. Айсуй сонгууль хийгээд МАН, МАХН-ын харилцаанд гарч буй дулаарал улс төрд юу ч болж мэдэхээр нөхцөл байдлыг авчрах магадлалтай. МАН, МАХН-ын эвсэл бол Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг л субьект. Уг эвсэл байгуулагдлаа гэхэд УИХ-ын сонгуульд МАХН-тай “Шударга ёс” эвслийг байгуулан оролцож, УИХ-д суудалтай, Засгийн газарт сайдтай болоод авсан МҮАН хэрхэх бол? Өнгөрсөн даваа гаригт хийхээр товлоод байсан бүгд хурлаа тэд яагаад хойшлуулсан нь МАХН МАН-тай эвсэх эсэхийг харзнасных байж болзошгүй. Засгийн газарт хариуцлага тооцохоор шийдчихсэн байсан МҮАН-ын дарга М.Энхсайхан ч азнах тийш хандав бололтой. Хэрэв МАХН МАН-тай эвсвэл МҮАН яаран Засгийн газартай сөргөлдөх хэрэггүй, сайд нарын танхимд байгаа ганц суудлаараа дэнчин тавих шаардлагагүй болно.
МАН, МАХН-ын эвсэл аандаа МҮАН-ыг АН-ын хаяа руу түлхэж мэдэх юм. Гэвч М.Энхсайхан болон АН-ын нөлөө бүхий лидер Х.Баттулга нарын хооронд ассан төмөр замын асуудлаарх мөргөлдөөний гал намжаагүй байхад дарга нь МҮАН-аа АН-д ойртуулах нь эргэлзээтэй. Харин М.Энхсайхан өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэвэл бодитой таамаг болох болов уу. Төмөр зам дагасан эх оронч, өндөр мэдлэг боловсролтойгоосоо болж албан тушаалаасаа шударга бусаар халагдсан... гээд өрөвдүүлэх тактикаар үзээд алдахад гэмгүй л байх. М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд оролцвол АН-ын Ц.Элбэгдоржийн онооноос ялимгүй боловч хувааж “шавар” болохыг үгүйсгэхгүй. Нэгэн цагт нэг намын лидерүүд байсан Ц.Элбэгдорж, М.Энхсайхан хоёрыг одоо ч хөндийрүүлж харж чаддаггүй сонгогч цөөнгүй л болов уу. Тэгэхээр М.Энхсайханыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхгүй байх сонирхол АН-д төрөх биз ээ. Эвсэл нь байгуулагдчихвал МАН-МАХН-аас хэн нэр дэвшихээс Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ихээхэн шалтгаална.
Ц.Элбэгдоржийн нэр хүнд сайн, рейтинг нь улс орон даяар 50 хувиас хол давсан сурагтай байгаа энэ үед шинээр дунших эвсэл хэнээр тугаа хийх бол? МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын нэрс Ерөнхийлөгчийн сунгаанд эчнээ сойгдох болоод байгаа. Харин энэ хоёр эрхмийн хэнийг нь МАН дахь Хотын фракц болон МАХН-ын дарга Н.Энхбаяр дэмжихээс шалтгаалан Ц.Элбэгдоржийн гол өрсөлдөгч төрөх болно. Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль улс төрийн маш ээдрээтэй өрөг дээр өрнөх нь тодорхой боллоо. Аль нам, эвсэл хэрхэн нүүхээс хожил хэний талд гарах шийдэгдэнэ. АН-аас нэр дэвших Ц.Элбэгдорж хамгийн хүчтэй өрсөлдөгч гэдэгтэй хэнбугай ч үл маргах энэ үед МҮАНын М.Энхсайхан түүний саналаас өчүүхнийг хумсалж хоцрох, эс бөгөөс түүнд хүчээ өгөхөө шийдэхээс өөр гарцгүй. Харин АН-ын хувьд хамгийн хүчтэй улс төрийн хүчин болох МАН хэрэв МАХН-тай амжилттай эвсэж чадвал Ц.Элбэгдоржтой эн тэнцүү өрсөлдөх ёндоог нэр дэвшигчийнхээ халаасанд хийлээ л гэсэн үг. Нэг талаас МАН-МАХН-ын эвсэл нь Ц.Элбэгдоржийн эсрэг байгуулагдах амбийцын механик хөдөлгөөн мэт боловч нэдэр дээрээ Монгол Улсын 90 жилийн түүхийг бичсэн улс тө рийн намын хүчирхэг оршихуйн төлөө тэмцэл юм. Хараахан шийдэгдээгүй тул харах л үлдэж.