Жилийн дараа ДАШТ-ийг зохион байгуулах бразилчууд сүүлийн үед орон гаран тоглолтыг үзүүлж, FIFA-гийн чансаанд дөнгөж 18-р байрт бичигдэж байгаа билээ. Саяхны нэгэн нөхөрсөг тоглолтод пентакампеонууд Английн шигшээд хожигдсоны дараа тус улсын нэгэн хэвлэлд “Бразилийн шигшээгээс бусад багууд айхаа больсон 5 шалтгаан” хэмээх нийтлэл гарсныг товчлон хүргэе.

НЕЙМАРЫГ ХЭТРҮҮЛЭН ҮНЭЛСЭН
Сүүлийн хоёр жил дараалан Өмнөд Америкийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорч, шигшээгийн сүүлийн 7 тоглолтод 8 гоол оруулсан Неймарыг Бразилийн спортын сэтгүүлчид хэтрүүлэн үнэлэх хандлага ажиглагдаж байгаа. Гэхдээ Неймар эдгээр гоолуудыг Хятад, Ирак, Японы багуудад “бөөндсөн” билээ. Харин томоохон хэмжээний тоглолтод гялалзаж чадахгүй байгаа нь гашуун боловч үнэн. “Уэмбли”-д гэхэд түүнийг Глен Жонсон огт хөдөлгөөгүй.
ЭРЭЛ ХАЙГУУЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР
ДАШТ эхлэхэд жил хагасын хугацаа үлдээд байхад Луис Фелипе Сколари сонголтоо хийж дуусаагүй л байна. Сүүлчийн тоглолтод Тьяго Силва гэмтлийн улмаас оролцоогүй нь төвийн хамгаалалтад нөөц тоглогч хэрэгтэй болохыг сануулсан дохио болсон. Давид Луистай хамтран тоглосон “Бавари”-гийн Данте яагаа ч үгүй гэдгээ Английн эсрэг тоглолтод харуулсан. “Барса”-гийн Адриано, Дани Алвес хоёрыг жигүүрт топ түвшинд тоглож байгаа гэж хэлэхэд хэцүү. Төвийн хагасаар тоглох РамиресПаулиньо нар ноднин, уржнангийнх шигээ тоглолтыг үзүүлэхгүй байгаа. Түүнчлэн Сколаригийн санааг зовоож буй нэг зүйл бол урд Неймартай хэнийг хамтруулах вэ? гэсэн асуудал. “Confederation Cup 2013”-аар Халк, Луис Фабиану, Фред гурваас нэгийг нь сонгох болов уу.
ХЭТ ИХ БӨМБӨГ ЭЗЭМШИЛТ
Бразилчууд аль болох бөмбөгийг хяналтандаа байлгах сонирхолтой улс. Харин Английн эсрэг үндсэн тоглолтоо гаргаж чадаагүй. Талбайн эзэн “Гурван арслангууд” сайн прессинг хийсний хүчинд өмнөд америкчуудын дамжуулалтыг хялбархан тасалж, илүү аюултай довтолгоонуудыг зохион байгуулж байв. Ингэхээр орчин үеийн хөлбөмбөгт бөмбөг эзэмшилт тийм ч чухал үзүүлэлт биш болох нь нотлогдож байна.
СУЛХАН БАГУУДЫГ Л АНГУУЧИЛДАГ
Пентакампеонуудын том багуудыг хожиж чаддаггүй “хар цуврал” үргэлжилсээр. Тэд Колумб, Аргентин, Английн эсрэг хийсэн сүүлийн гурван тоглолтдоо ердөө ганцхан тэнцээ авсан. Энэ бүхний дүнд FIFA-гийн чансааны 18-р байр хүртэл уруудсан.
БРАЗИЛЧУУДАД РОНАЛДИНЬО ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮҮ?
Хэдийгээр дэлхийн шилдгээр хоёронтаа шалгарсан ч гэсэн 33 настай Роналдиньо “Селесао”-гийн үндсэн бүрэлдэхүүнд тоглож буйг спортын сэтгүүлчид таашаасангүй. Жин ихдэж, хурд нь илэрхий саарсан Роннитой Бразил талбайд англичуудаас нэг хүн дутуу мэт харагдаж байсан гэж бичжээ. Улмаар “Атлетико Минейро”- гийн хавбек пенальти алдсан бөгөөд завсарлагаагаар түүнийг 20-той Лукас Моурагаар сольсон нь зүй ёсны шийдвэр байв. Шигшээдээ 100 дахь тоглолтоо хийсэн Роналдиньо үндсэндээ сүүлчийн тоглолтдоо оролцох нь тэр.
Р.МАНЛАЙ