Шинэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хагас жил өнгөрсөн ч Өвөрхангай, Увсын тойргийн маргаан одоо хүртэл эцэслээгүй байна. Өвөрхангайд МАН-ын хоёр нэр дэвшигч сонгогчдын хамгийн олон санал авсан ч АН-ын Г.Батхүү шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүний тангараг өргөсөн. Тэгсэн атлаа хамгийн олон саналаар ялалт байгуулсан С.Чинзоригийн бүрэн эрх өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Гэтэл Увсад ялалт байгуулан УИХ-д бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа МАН-ын хоёр гишүүний нэг болох Б.Чойжилсүрэнг АНын нэр дэвшигч Д.Нямхүүгээр солихоор болжээ.
Ингэснээр МАН Өвөрхангай, Увсад дангаараа ялалт байгуулан УИХ-д дөрвөн гишүүнтэй байх боломжоо алдаж, ганц Ч.Хүрэлбаатар гишүүний суудлыг авч үлдэхээр болж байгаа бололтой. Уг нь ардчилсан сонгуулийн зарчмаар хэн олон санал авсан нь УИХ-д сонгогдох учиртай. Гэтэл АН улс төрийн тохиролцоо нэрийн дор ардчиллын алтан сонголтыг үгүй хийж, эрх баригч асан МАН хүлцэнгүйгээр хүлээн авч буй нь АН дарангуйлагч, МАН арчаагаа алдсаны бодит илрэл болов.
Д.ЭРДЭНЭ