Ид насандаа улс орныг удирдалцаж явсан ахмадууд МАН, МАХНын дүү нартаа эвлэлдэн нэгдэхийг уриалснаараа орчин цагийн улс төрд шинэ жишиг үзүүлсэн нэгэн долоо хоног улирлаа. Тэд МАН, МАХН-ын эрхийг барьж байгаа дүү нарынхаа алгуур хөдлөхийг хараад дуугүй сууж хүлцсэнгүй.
90 гаруй жилийн түүхтэй намын 70 хол гарсан буурлуудын бодож сэтгэх нь саруулхан, амжилт, ялалтын төлөө золбоотой байна. Аавын оронд аав гэдэг шиг үг сургаалыг нь сонсож, үйл хэрэгтээ үлгэрлэн дуурайх ахмад улстөрчдийн бүхэл бүтэн үе байдаг нь ар шилээ харалцаж суугаа МАН, МАХН-ын аврал болов.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-МАХН-ын эвсэл байгуулан оролцох эсэхэд МАН-ын дарга Ө.Энхтүвшин нээлттэй хандаж байгаа бөгөөд тэрбээр яг энэ сэдвээр МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаж амжсанаа ч нуугаагүй юм. Хоёр Энх эвслийг дэмжих тохиролцоонд хүрлээ гэхэд АН-ын удирдсан Засгийн газраас МАХН гарах алхам хийх магадлал бий. Энэ тохиолдолд МАХН-аас сайд нарын танхимд заларсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал нарын эсэргүүцэл тээг болж мэдэхийг зарим ажиглагч анхааруулж байна. Ердөө дөрөвхөн сарын дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар дахиад л өөр хоорондоо хүч үзэж, улам бүр сульдаж тарамдахын эсрэг хөдөлгөөнийг МАН-МАХН-ын ахмадууд эхлүүлж өглөө.
Эвсэл байгуулахын төлөө яриа хэлэлцээг МАН, МАХН-ын удирдлагууд үгүйсгээгүй учир энэ хаврын улс төрийн гол үйл явдлууд эдгээр намын шийдвэрээс шууд хамаарах болж байна. Харин хоёр нам уугуул голомтдоо нэгдэн, нэг нам болох эсэх нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагийн алхам болж өрнөх төлөвийг өнгөрч байгаа долоо хоногийн мэдээллүүд харууллаа. Ахмад улстөрчдийн золбоо дүү нартаа урам зориг өгч, МАН, МАХН-ын удирдлага Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө шийдвэртэй алхам хийх биз ээ.