Лондоны олимпоос ОХУ-д гурван алтан медаль авч өгсөн энэ итали эр хэдхэн хоногийн дараа Сибирийн тэнгэрт үнэнч цэргүүдээсээ ээлжит шалгалтаа авч байлаа. Энэ үеэр ОХУ-ын эрэгтэйчүүдийн жүдо шигшээ багийн дасгалжуулагч Энцо Гамбатай “Советский спорт” сонины сэтгүүлч Руслан Карманов уулзан ярилцжээ.
“5000 метрийн өндөр. Эхнийх үсэрлээ, дараагийнх үсэрлээ, Гамба үсэрлээ...” Оросын жүдогийн шигшээ багийнхан шүхрээр үсэрч бэлтгэл хийж байгаа нь энэ. Онгоцон дотор би “Ноён Гамба айхгүй байна уу” гэж асуухаар завдсан боловч болилоо. Түүний нүдэнд аймшиг тодрох нь битгий хэл инээмсэглэсээр доош нисэн одлоо. Түүнтэй хамт шигшээ багийн бүх жүдочид үсэрсэн юм. Маргааш нь жүдочид Кузбасст өндөр ууланд авирч, орой нь хүйтэн усанд сэлж, буудлага хийж, бэлтгэл хийлээ. “Та нар дараа нь сансарт нисэх юм байна л даа” гэсэн миний үгэнд Гамба “Сансарт нисэх нь ч юу вэ. Гэхдээ бидэн шиг хүчтэй хамт олонд шинэ шинэ сорилт хэрэгтэй” гэж хариулсан юм.

-Та шүтлэгтэй хүн үү?
-Үгүй. Би шүтлэгтэй гэр бүлд төрж өссөн хүн. Гэхдээ манай тосгоны лам багш бас хөлбөмбөгийн шүүгч хийдэг байсан юм. Тэр миний оруулсан гоолыг тооцохгүй буруу шийдвэр гаргаснаас хойш би түүний хэлж байгаа юманд итгэхээ байсан.
-Таны өвөрмөц арга барил яагаад ямар ч оронд амжилт авчирдаг юм бол? Африкт ч та аваргуудыг бэлтгэдэг байсан.
-Хэрэв миний систем, арга барилыг нэвтрүүлж чадвал хаана ч амжилт олно. Орос дасгалжуулагч нар миний системийг ойлгосон болохоор багшилж чадаж байна. Гэхдээ Гамбагийн арга барилийг ойлгоход гэрээний дөрвөн жил хангалтгүй.
-Гамбагийн системийн таван гол зүйл?
-Нэгдүгээрт хамт олны дотор эрүүл саруул уур амьсгал үүсгэх. Хоёрдугаарт нэг бодол, зорилготой дасгалжуулагч нараар багаа бүрдүүлэх. Дараа нь чухам ямар тамирчин тэдэнд цаг заваа зарцуулан ажиллахад үнэхээр тохиромжтойг хурдан ойлгох. Дөрөвдүгээрт тамирчдын сул талыг илрүүлэн, яаж арилгахыг олох. Эцэст нь олимпийн наадам хүртэлх дөрвөн жилд хийх бэлтгэлийн тодорхой цогц төлөвлөгөө гаргах.
-Сул талыг нь яаж илрүүлэх гэж? Шүхрээр харайлгаад уу?
-Зүгээр л тэднийг ажигладаг. Жүдод усанд сэлэлт шиг секунд тийм чухал биш. Ажиглах цаг хангалттай бий. Тухайн тамирчин хэн бэ гэдгийг мэдэх тусгай дасгал би бэлтгэлд оруулсан байгаа.
-Шүхрээр үсрэх, ууланд авирах гээд үү?
-Хэрэв байнга янз бүрийн тест сорилт явуулаад байвал замбараагүй явдал болно. Надад тамирчныг ялахын тулд эцсээ хүртэл явж чадах эсэх, анхаарлаа төвлөрүүлж чадаж байна уу гэдгийг ойлгож болох тусгай дасгал бий.
-Энэ аргаар ажиллаад алдаж байв уу?
-Амьдрал гэдэг алдаа шүү дээ. Мэдээж би Оросын шигшээд ажиллахдаа алдсан л байх. Гэхдээ манай багт олсон нь их. Бид хамтдаа амьдарч, хамтдаа том зорилгын төлөө тэмцэж чадах шигшээ баг бүрдүүлж чадсан нь хамгийн гол.
-Тамирчны хувьд спортын амжилт хамгийн гол зүйл биш гэж үү?
-Миний хувьд тамирчин дасгалжуулагчийн хооронд сайхан харилцаа тогтоох хамгийн чухал. Энэ бол олимпийн наадамд түрүүлэхээс хэцүү. Хамгийн гол нь бид жүдогийн тамирчины энэхүү зав зайгүй хэцүү амьдралаас таашаал авж чадсан маань чухал.
-Орос улсад олимпийн ийм олон медаль авч өгсөнийг тань Италид хэрхэн дүгнэж байна?
-Италид би энэ талаар ярихгүй байхыг хичээдэг. Италийн шигшээ багт ажиллаж байхдаа би муугүй амжилт үзүүлж байсан. Даанч Италийн жүдогийн холбоо миний системээр ажиллаж чадаагүй.
-Төрөлх Брешиа хотдоо байнга очдог уу?
-Сард хоёр удаа. Нэг очихдоо 2-3 хонодог. Би гэрлээд 34 жил болж байна. Манай эхнэр Луйза надтай гэрлэхдээ л байнга тусдаа байна гэдгээ мэдэж байсан. Охин Софи 17, хүү Жакобо 13 настай, тэд Оросын жүдочдыг нэрээр нь мэднэ шүү. Лондоны олимпийн дараа хүүхдүүдтэйгээ долоо хоног Брешиад амарсан.
-Тамирчид яаж амарсан бол?
-Лондоны олимп наймдугаар сарын 12-нд дуусаад 28-нд нь л манай жүдогийн шигшээ баг бэлтгэлдээ гарсан. Энэ бол бидний амьдралын хэв маяг. Тамирчдад 15 хоногийн амралт өгсөн бол хуучин формонд нь оруулах гэж бүтэн сар ажиллуулах шаардлагатай болдог. Тийм болохоор би тамирчиддаа гурав хоногоос илүү чөлөө өгдөггүй. Сард нэг удаа эсвэл 40 хоногт нэг удаа амралт өгнө. Олимп хүртэлх дөрвөн жилд манайхан байнга бэлтгэл хийж байлаа.
-Үүнийг чинь бараг Гамбагийн нэрэмжит шорон гэж нэрлэмээр юм байна.
-Харин би Оросын эрэгтэйчүүдийн жүдогийн шигшээ багийнхны амьдрал супер гэж хэлмээр байна.
-Яагаад Италийн дасгалжуулагч нар Орост амжилт олж байна вэ? Капелло Оросын хөлбөмбөгийн шигшээ багт, Спалетти “Зенит”-д сайн байгаа.
-Наад хоёр чинь Оросын спортын төлөө ямар нэг юм хожсон уу? Спалетти “Зенит”-тэй ганц хоёр удаа улсын аварга болов уу даа. Олон улсын тавцанд юу ч байхгүй. Оросын аварга болох, олимпийн аварга болохын ялгааг ойлгох хэрэгтэй. Капелло бол дөнгөж л ажлаа эхэлж байгаа.
-Та чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ?
-Би байгаа цаг хугацааныхаа 90 хувийг бэлтгэл дээр өнгөрөөдөг. Үлдсэн 10 хувийг заавал байлцах шаардлагатай албаны уулзалт, арга хэмжээнд зарцуулдаг.
-Оросын соёл, урлагтай танилцдаггүй юм уу?
-Цаг алга. Өдөр болгон өглөөний 07- гоос үдшийн 22 цаг хүртэл тамирчидтай цуг байдаг. Долоон цагт босоод дасгал хийнэ. Дараа нь өглөөний хоол, бэлтгэл, өдрийн хоол, техникийн ажил. Орой нь дахиад бэлтгэл, дасгалжуулагч нартай зөвлөгөө хийгээд 23 цагт бүгд унтдаг.
-Та ч гэсэн дэглэм барьдаг уу?
-Хэрэв би тамхи татаад, гэдэс гүзээгээ унжуулаад явж байвал тамирчиддаа шаардлага тавьж чадахгүй шүү дээ.
-Таныг бага байхад чинь хүүхдүүд дээрэлхдэг байсан уу?
-Үгүй дээ. Бүгд наадах чинь жүдогоор хичээллэдэг, оролдохгүй байсан нь дээр гэлцдэг байлаа.
М.СУГАРАА