УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярт холбогдох, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцсэн гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд боллоо. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-аас саатуулан баривчлах үед тус газрын ажилтнуудыг хэл амаар доромжилж, салаавч гаргасан төдийгүй АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатыг хэд хэдэн удаа цохисон юм.
Хан-Уул дүүргийн шүүхээс Ц.Шинэбаярын гэм буруутай нь хавтаст хэрэгт цугласан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул нэг жилийн хугацаагаар хорих ял оноож, эрүүл мэндийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь харгалзан хорих ялыг тэнсэн харгалзахаар шийдвэрлэсэн билээ. Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүх хурлаас Ц.Шинэбаярт ногдуулсан ялыг хэвээр үлдээв.