Монголын шатрын холбооныхон шинэчлэн байгуулагдсан цагаасаа хойш хийсэн болоод цаашид хийх үйл ажиллагааныхаа талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов сая манай улсад айлчлахдаа тус холбооны үйл ажиллагааг дэмжин, дэлхийн өндөр зэрэглэлтэй тэмцээнүүдийг Монголд зохиоход хамтран ажиллахаа мэдэгдсэн. Тухайлбал, 2014 онд эмэгтэй шатарчдын Гранпри буюу Их дуулга, сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулах болсон нь улс орноо сурталчлах томоохон боломж гэдгийг онцолсон.
Үнэхээр ч 2017 онд дэлхийн цом, 2018 онд болох оюуны их олимп гэгддэг дэлхийн шатрын олимпиадыг манайд зохиох эрхийг олгохоор болсон нь энэ холбооны үйл ажиллагаанд өгч буй үнэлэлт гэлтэй. Түүнчлэн энэ онд таван хүний бүрэлдэхүүнтэй үндэсний шигшээ багтай болсон, ирэх сард болох өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг манайх анх удаа их мастер, олон улсын мастер цолны болзолтойгоор зохиож байгаа гээд ололт ихтэй байгаа. Харин Шатрын ордонтой болох асуудлаа шийдсэн эсэхийг асуухад МШХ-ны ерөнхий менежер Б.Даваахүү “Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгчтэй энэ талаар ярилцаж тохиролцсон.
Шатрын ордныг “Ленин” клубийн талбайд барихаар болсон. ОХУ-ын ЭСЯ-наас тус газрыг чөлөөлүүлэх зөвшөөрлийг авахад тэрбээр тусална гэсэн. Ингэснээр тус холбооны төсөв, зураг төслөөр Шатрын ордныг барина. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ оны сүүлчээр зарлана” гэлээ.
Л.АРГАМЖИН