Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэгдүгээр сарын 7-ны өдөр 07 тоот захирамж гарган Д.Амарбаясгаланг Хөвсгөл аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилж, мөн өдрийн 08 тоот захирамжаар тус аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавыг бүрэн эрхийн хугацаа нь дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм. Засгийн газрын тэргүүний эл шийдвэр нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж үзсэн иргэн Ш.Раднаасэд, П.Ганзориг нар Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Ерөнхий сайдын 07 тоот захирамж нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээнд халдаж, Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчмыг алдагдуулсан гэж үзсэн иргэдийн гомдлыг Үндсэн хуулийн цэц энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцэхээр тогтсон юм. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөвсгөл аймгийн өмнөх дарга болон үүрэг гүйцэтгэгч нартай холбоотой гаргасан захирамжуудаа хүчингүй болгон шинэ захирамж гаргаж, энэ сарын 26-ны өдөр цэцэд хүргүүлсэн байна. Үндсэн хуулийн цэц тун удахгүй эл маргаантай ижил буюу Дорнод аймгийн шинэ, хуучин Засаг дарга нарыг хууль зөрчин томилсон тухай гомдлыг хэлэлцэх байв. Гэсэн ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү хурлыг зарлахаас өмнө тус аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Цэрэнчимэгийг томилсон нэгдүгээр сарын 9-ний өдрийн 11 тоот захирамжаа хүчингүй болгосноо өчигдөр мэдэгджээ. Засгийн газрын тэргүүний дээрх захирамжуудыг хүлээн авсан Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдээс ирүүлсэн гомдлын шаардлага хангагдаж, Үндсэн хуулийн зөрчил арилсан гэж үзээд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоосон байна.