Төрийн алба шинэ Парламент, шинэчлэлийн Засгийн газрын гишүүдийн эхнэр, нөхөр, ах, дүү, амраг садан, нутаг усныхан, ажил хэргийн холбоо сүлбээтнүүдээр дүүрч байна. Төрийн албан хаагч гэж сонгон шалгаруулалтаар хууль ёсны дагуу томилогдсон, мэргэжлийн хүн байхыг нэн тэргүүнд шаарддаг. Үүний тулд Төрийн албаны зөвлөл төрийн албыг олон улсын нийтлэг жишигт дөхүүлсэн хүчирхэг аппарат болгохыг оролдсон ч сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан намынхан төрийн албыг төрлийн алба болгов.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэн дүү Г.Дэнзэнгээ ЗГХЭГ-ын дэд даргаар, найз Г.Энхтайванаа Стандартчилал хэмжилзүйн газрын даргаар тавилаа. УИХ-ын дарга З.Энхболдын эхнэр Т.Бат-Өлзий Хууль зүйн яамны газрын даргаар ажиллаж байна. УИХ-ын дэд дарга С.Баярцогтын ах С.Баяр бат Эрчим хүчний газрын дарга болж, сайн дүүгийн хишгийг хүртлээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа нөхөр Г.Өлзийбүрэнгээ Газрын тосны газрын дарга болгов. Шадар сайд Д.Тэрбишдагвын дүү Д.Пүрэвдавааг Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилжээ. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн ах Ш.Төмөрбаатарыг Нийслэлийн өмчийн газрын даргаар томилон ажиллуулж байна. УИХ-ын гишүүн Г.Уянгын нөхөр Х.Баатархуяг МОНЦАМЭ агентлагийн захирлаар томилогдлоо.

УИХ-ын гишүүд дундаа бие даан сонгогдсон гишүүд нь нэр цэвэр, чансаа дээгүүр байдлаараа ялгардаг. Гэтэл бие даагч гурван гишүүний нэг, Дорнод аймгаас сонгогдсон Х.Болорчулуун оготны нүхээр ч ороод гарах овжин хүн бололтой. Тэр төрсөн дүү Х.Болор-Эрдэнийгээ Монгол-Оросын хамтарсан “Монросцветмет” нэгдлийн ерөнхий захирлын суудалд залав. Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн, мөрдөн байцаагч, “Дорнод гурил” компанийн захирал байсан, “орос хэлээр ойлгохдоо сайн, ярихдаа дунд” гэж анкетаа бөглөсөн хүнийг Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн захирлаар томилох бөх зүрхтэн байх юм. Салбараа мэдэхгүй, орос мэргэжилтнүүдтэйгээ орчуулагчаар дамжуулж харилцдаг захирлын томилгоо өнөөдрийг хүртэл хууль ёсных болж чадаагүй. Учир нь шинэ захирлыг томилох хоёр талын хамтарсан шийдвэр хараахан гараагүй байна. Түүнийг ганц Монголын талын шийдвэрээр томилоод байгаа тул хууль бус захирал юм. Хэрээ мэдэж, бяраа таниагүй тэрбээр санхүү болон гадаад, дотоод худалдаа эрхэлдэг хэлтсүүдэд өөрийн хүнийг тавина гэсэн амны уншлагатай болсон гэх.
Хойд хөршид мэргэжил эзэмшсэн, оросоор эх хэл шигээ ярьдаг, уул уурхайн чадварлаг инженерүүдийн цөм нь “Монросцветмет” нэгдэлд ажилладаг. Гэтэл хамтарсан үйлдвэрийн хувьд хамгийн энгийн гэж болох хэлний шал гуур даваагүй хүнээр энэ компанийг удирдуулж, улсынхаа нэрийг шавартай хутгах нь УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаа байв уу. МИАТ компанийн Ерөнхий нягтлан, Санх үүгийн хэлтсийн даргаар Зам, тээврийн сайд А.Гансүхийн туслах М.Сугарсүрэнгийн нөхөр Д.Батбилэг ажилладаг нь санамсаргүй сонголт биш. А.Гансүх сүүлийн таван жил буюу энэ салбарыг хамгийн удаан удирдаж буй сайд. Тэрбээр мэргэшсэн нягтлан бодогч болоогүй Д.Батбилэгийг 2010 онд томилсон бөгөөд тэр нь Ц.Орхоныг захирал байхад, түүний дараа хоёрдугаар гарын үсгийг зурж байсан хүн. 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласнаас хойш хаагуур, юу хийж явсан нь үл мэдэгдэх С.Билэгсайхан Ардчилсан намын үед МИАТ-ын Бодлого, маркетингийн газрын дарга, ерөнхий менежерийн албан ту шаалд хүртэл суга өсөв. С.Билэгсайхан МИАТ-д ирээд бие хамгаалагчаа маркетингийн мэргэжилтнээр татаж авчээ.
МУИС-ийн ректорын үүрэг гүйцэтгэгч Д.Галтбаяр БШУ-ы сайд Л.Гантөмөртэй хамт Японд номын дуу сонсож явсан үе тэнгийн анд нь. ЭМШУИС-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч М.Сүмбэрзул Эдийн засгийн хөгжлийн сайд “Фортуна” хэмээх Н.Батбаярын дүү. Анагаахын дээд сургуулийн захирлаар томилогдохоор “дуншиж” буй М.Сүмбэрзулын ээж, Н.Батбаярын аав хоёр хожим гэр бүл болсноор тэд ах дүүгийн холбоо үүсгэсэн байна. Замын-Үүдийн Гаалийн газрын даргаар мөн Н.Батбаяр сайд дүүгээ, орлогч даргаар нь УИХ-ын гишүүн А.Бакей эхнэрийнхээ дүүг томилжээ. Сангийн сайд Ч.Улаан эхнэрийнхээ дүү О.Даваасүрэнг Гаалийн ерөнхий газрын хэлтсийн даргаар тавив. Дарга нь мэдлэг нимгэн туслахаа, айлын том хүү охин дүүгээ яамны газрын дарга болгон дэвшүүлдэг эрээ цээргүй үйлдэл элбэгших шинжтэй.
Шинэ засаг байгуулагдаад удаагүй ч төрийн албанд бий болсон төрөл садангийнхны хэлхээ холбоог нэг бүрчлэн дурдвал томоохон зай талбай эзлэх баялаг түүх болжээ. Хувийн хэвшилд ах дүү, найз нөхөд, нутаг усныхан ер нь хэнийгээ ажилд авах, ажлаас халах нь ком панийн захирлын хязгааргүй эрх чөлөө. Үүн лүгээ төрийн албыг хувийн компани тай андуурах явдал газар авах төлөвтэй байна. Хэн эрх мэдэл, нэр нөлөөтэй нь албан тушаалын бя луунаас ахиухан хувь хүртдэг байдлыг дэвэргэж болохгүй. Төрийн албан хаагч мэргэжлийн байх ёстой, удирдах албан тушаалд бол салбартаа үр бүтээлтэй ажилласан туршлагатай хүнийг томилох учиртай. Төрийн албан хаагч тогтвор суурьшилтай ажиллаж мэргэжлээрээ өсөн дэвжиж, тэр хэрээр төр хүчирхэгжинэ гэсэн энгийн ойлголт бий. Тэгвэл өнөөдөр төрийн албан хаагч гэж хэн бэ? Эрх баригч нам дагаж сэм хуйвалдагчид, өндөр албан тушаалтны гар хөл бол сон утсан хүүхэлдэйнүүд төрд шургалж, төрийн албаны нэр хүндийг унагаж байна. Сонгуульд ялсан нам Засгийн газраа байгуулах нь зүйн хэрэг.
Харин төрийн жинхэнэ албан хаагчдыг сонгуулийн үр дүнгээр халж сольдог, хамтран зүтгэгчдээ албан тушаалаар шагнадагт хууль хяналтынхан анхаарал тавих хэрэгтэй. Дарга дагаж далдганаагүй, өндөр албан тушаалтай ах дүү, хамаатан садангүйгээсээ болж мэргэшиж, сэтгэлээ өгсөн ажил, хоногийн хоолноосоо салах вий гэсэн айдас төрийн жинхэнэ албан хаагчдад хургаад байна. Ээлжлэн төр барьсан АН, МАН-ын бий болгосон буруу жишгийн золиос нь жирийн албан хаагчид, төрийн үйлчилгээ хүртэх гэсэн жирийн иргэд юм. Төрийн албан хаагчид бол үйлчилгээний албаныхан. Үүрэг, хариуцлагаа умартаж эрх ямбаа хэтрүүлсэн, төрийн албанд хууль бусаар томилогдсон болон мэдлэг чадвараараа ажилдаа тэнцэхгүй нэгнийг халж солих нь зүйн хэрэг. Ийм зорилготой халаа сэлгээ бол төрийн өндөр албан тушаалд төрөл садангаа томилохоос ангид ойлголт юм.