Эх орончдын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг “МАН-ын баяр” хэмээн тодорхойлох нь бий. Тус намынхан баярынхаа өдрөөр Тусгаар тогтнолын ордонд “Монгол Улсын аюулгүй байдал ба тусгаар тогтнол” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. Энэ үеэр МҮАН-ын дарга М.Энхсайхан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ба төмөр зам”, эдийн засагч П.Хашчулуун “Эдийн засгийн аюулгүй байдал”, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Батбаатар “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ба Оюутолгой” сэдвээр илтгэл тавих аж.
МАХН, МАН хамтарч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэсэн мэдээлэл гараад буй энэ үед “Шударга ёс” эвслийн бүрдүүлэгч намын дарга эх орончдын баярт оролцож байгаа нь энэ юм. Хэлэлцүүлэгт МАН-ын ахмад зүтгэлтнүүд болон эрдэмтэн, судлаачид оролцож санал бодлоо солилцох гэнэ. Мөн 13.00 цагт Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ болно.
С.УУЛ